2025 оны гуравдугаар сарын 28-ны өдөр 14 цаг 20 минут 54 секундэд (UTC) уртраг нь 95.92, өргөрөг нь 22.013, буюу Мьянмарын Мандалай хотоос (1.5 сая орчим хүн амтай) 17.2 км зайд магнитуд нь 7.7 хүчтэй, 10 км гүнд газар хөдлөлт нь болсон байна. Тус газар хөдлөлт нь Энэтхэг ба Евразийн хавтангуудын хоорондын шилжилт хөдөлгөөний улмаас болсон бөгөөд Энэтхэг ба Сунда хавтангуудын хил зааг дээр орших баруун гарын Сагайн хагарал дээр болсон байна. Газар хөдлөлтийн голомтыг ихэвчлэн газрын зураг дээр цэгээр дүрслэдэг бол хүчтэй газар хөдлөлт буюу энэ газар хөдлөлтийн хувьд нь хагарлын талбайгаар тодорхойлох нь зүйтэй бөгөөд 2025 оны гуравдугаар сарын 28-ны энэ газар хөдлөлтийн хэвтээ шилжилттэй хагарлын талбай нь ерөнхийдөө 165 км урттай 20 км өргөнтэй байна. Тус газар хөдлөлт нь хагарлын бүсдээ буюу голомтдоо IX баллын чичирхийлэл үзүүлсэн байна.
Энэ бүс нутагт үүнтэй төстэй хэвтээ шилжилттэй хүчтэй газар хөдлөлтүүд өмнө нь болсон бөгөөд 1900 оноос хойш 2025 оны гуравдугаар сарын 28-ны энэхүү газар хөдлөлтийн голомтоос 150 миль (250 км) зай дотор магнитуд нь 7 ба түүнээс хүчтэй газар хөдлөлт зургаан удаа болсон байна. Хамгийн сүүлд болсон нь 1990 оны нэгдүгээр сард магнитуд нь 7.0 хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд уг газар хөдлөлтийн улмаас 32 барилга нуржээ. 1912 оны хоёрдугаар сард өнөөдрийн газар хөдлөлтийн голомтоос урьд зүгт 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Тектоник деформацийн энэ өргөн бүсэд 1988 онд 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бас болсон бөгөөд тус бүсэд болсон бусад томоохон газар хөдлөлтүүдийн улмаас олон арван хүний амь нас эрсдэхэд хүргэж байсан байна.

Эх сурвалж
| https://earthquake.usgs.gov/earthquakes/eventpage/us7000pn9s/executive
|