Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт гуравдугаар сарын 21-ний өдрөөс хойш асаж байсан 11 түймрийн голомтыг бүрэн унтраасан талаар тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам мэдээлжээ. Кёнсанбүг, Кёнсаннам мужууд, Ульсан хотод гарсан түймрийн асуудлаар Дотоод хэргийн сайдын үүргийг гүйцэтгэгч Ко Ки Дон зөвлөгөөн зохион байгуулсан байна. Эдгээр муж, хотод байгалийн гамшгийн улмаас онц байдал тогтоогоод байсан юм.
Ойн түймэрт 48 мянган га талбай өртсөн нь Сөүл хотын газар нутгийн 80 орчим хувьтай тэнцэж байна. Ко Ки Дон хэлэхдээ, одоогийн түймэр нь хүний амь нас, эд материалын хохирлын хэмжээгээр хамгийн сүйтгэлт түймэр боллоо гэжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, 30 хүн амиа алдаж, 45 хүн түлэгдэж гэмтсэн бол соёлын өвийн 30 объект түймэрт сүйдсэн байна.
Үйсон хошууны нэгэн толгод дахь гэр бүлийн оршуулгын газарт өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэх зан үйл хийж байхдаа гал алдсан гэж сэжиглэгдэж буй 56 настай эрэгтэйд гуравдугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.