Фото зургийг | Министерство на транспорта и съобщенията
Болгар Улсын Парламентын Тээвэр, мэдээлэл холбооны хорооны Пүрэв гарагийн хуралдаанаар Болгар, Монгол Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр санал нэгтэй дэмжлээ. Хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүн бүгд хуулийн төслийг дэмжиж, татгалзсан болон түдгэлзсэн санал гараагүй байна.
Уг агаарын харилцааны хэлэлцээрт 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Софи хотноо гарын үсэг зурсан бөгөөд Болгарын Сайд нарын зөвлөлөөс 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Парламентад өргөн мэдүүлжээ.
Хуулийн төслийг Тээврийн дэд сайд Христина Велинова хорооны гишүүдэд танилцуулахдаа, өнөөдрийг хүртэл хоёр улсын хооронд агаарын тээврийн салбарт эрх зүйн зохицуулалттай хоёр талт гэрээ, хэлэлцээр байхгүй байсныг онцоллоо. Түүний хэлснээр, энэхүү хэлэлцээр нь хоёр улсын хооронд агаарын харилцааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стандарт болон Европын Холбооны шаардлагад бүрэн нийцсэн байна.
Хэлэлцээр хэрэгжсэнээр гарах гол үр дүн, ач холбогдол:
- Шинэ чиглэлүүд үүсэх: Болгар болон Монгол Улсын нисэх онгоцны буудлуудын хооронд шууд болон дамжин өнгөрөх шинэ агаарын замуудыг нээж, хөгжүүлэх боломж бүрдэнэ.
- Тээвэрлэлтийн багтаамж нэмэгдэх: Хоёр улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн урсгал, багтаамж үлэмж хэмжээгээр өсөх нөхцөл бүрдэнэ.
- Харилцаа хамтын ажиллагаа өргөжих: Агаарын тээврийн шинэ боломжууд нь хоёр орны эдийн засаг, соёл, улс төрийн харилцааг шинэ шатанд гаргахад түлхэц болно.
Монголын тал уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоод журмуудаа хэдийнэ дуусгасан байна. Хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхлэхийн тулд Болгар Улс дотоод журамаа тогтоон, Үндэсний Ассамблей (Парламент)-аар эцэслэн соёрхон батлах шаардлагатай байгаа юм.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг




