Гашуунсухайт — Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил эрчтэй үргэлжилж, төмөр замын дээд бүтэц угсрах гол шатны ажил албан ёсоор эхэллээ. Өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 54.15 хувьд хүрээд байна.
Төслийн явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг багцлан товч хүргэвэл:
- Дээд бүтцийн угсралт: Төслийн хүрээнд нийт 32.6 км дээд бүтцийн ажил хийгдэхээс одоогийн байдлаар нарийн царигийн 2.5 км замыг угсраад байна. Мөн 5 суман шилжүүлэг угсарч, 3 байршилд нийт 2,304 ширхэг төмөр бетон дэр байршууллаа.
- Гүүрийн байгууламж: Төслийн Багц 2 буюу урт гүүрийн ажлын хүрээнд нийт 2,382 ширхэг урт шон суурь, 291 ширхэг завсрын тулгуур, 666 ширхэг дам нурууг үйлдвэрлэсэн байна. Үүнээс 426 дам нурууг төлөвлөсөн байршилд нь тавьж дуусгажээ.
Энэхүү хил дамнасан төмөр замын төсөл хэрэгжсэнээр хоёр улсын тээвэр, логистикийн чадамж эрс нэмэгдэж, экспортын гарц шинэ шатанд гарах ач холбогдолтой юм. Энэхүү төмөр замын гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг 2027 онд барьж дуусган, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болох ажээ.

Бүс нутгийн эдийн засгийн шинэ гарц
Өмнөговь аймгийн Засаг дарга Насанбуянгийн Энхбат энэхүү төслийн стратегийн ач холбогдлыг онцолж, "Хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор Өмнөговь аймагт Эдийн засгийн чөлөөт бүс нээгдэх том алхам болно" хэмээн мэдэгдлээ. Төмөр зам ашиглалтад орсноор зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдээд зогсохгүй, хилийн орчимд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл дагаж хөгжих, ажлын байр олноор бий болох том боломж нээгдэж байна.
ТАТАР МАЙДАР




Эдийн засаг



