TMK Energy Монголын метан хийн салбарт түүхэн дээд амжилт тогтоов!
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TMK Energy компани Монгол Улсын Өмнөговь аймгийн нутагт хэрэгжүүлж буй "Гурвантэс XXXV" нүүрсний давхаргын метан хийн (CSG) төсөл дээрээ ээлжит томоохон амжилтаа зарлалаа. Тус талбайн хийн урсгал огцом нэмэгдэж байгаа нь бүс нутгийг хамарсан томоохон хэмжээний олборлолт явуулах боломжийг улам бүр бататгаж байна.
Хийн олборлолт 350% өсөж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ
- Олборлолтын үсрэнгүй өсөлт: Туршилтын цооногуудын хийн гаралт өнгөрсөн 8-р сарын өдөр тутмын дунджаас 11 хувиар өсөж, сүүлийн нэг долоо хоногийн байдлаар хоногт 900 шоо метр (32,000 стандарт куб фут) давлаа. Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд хийн олборлолт даруй 350 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.
- Нэг цооногоос хальсан амжилт: Өмнө нь зөвхөн "LF-07" цооног хамгийн өндөр үр дүнтэй байсан бол одоо туршилтын 7 цооногийн өөр 3 нь түүхэн дээд хэмжээндээ хүртэл хий шахаж байна. Энэ нь хийн ундарга зөвхөн нэг цэгт биш, талбайн хэмжээнд жигд тархсаныг гэрчилж байна.
Туршилтаас үйлдвэрлэл рүү: 2026 оны төлөвлөгөө
- Эрчим хүчний анхны гарц: Туршилтын явцад гарч буй хийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор дотоодын "Дашваанжил" групптэй хамтран 1 мегаваттын хүчин чадалтай "Хийнээс цахилгаан гаргах" (Gas-to-Power) төслийг энэ онд эхлүүлэхээр бэлтгэж байна.
- Лиценз ба Нөөцийн баталгаажуулалт: TMK Energy-ийн удирдлагууд энэ долоо хоногт Монгол Улсад ажиллаж байгаа бөгөөд зохицуулах байгууллагуудтай уулзан "Гурвантэс" талбайн нээсэн нөөцийг албан ёсны ангилалд шилжүүлж, улмаар Ашиглалтын тусгай зөвшөөрөл (лиценз) авах хэлэлцээрийг хийж байна.
- Ирээдүйн мега төсөл: "Гурвантэс XXXV" талбай нь ердөө 60 квадрат километр талбайд 1.2 триллион куб фут (Tcf) метан хийн нөөцтэй нь бие даасан аудитаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол дахь хамгийн том 2C зэрэглэлийн нөөцөд тооцогдож байна.
Бүс нутгийн давуу тал
Уг төсөл нь уул уурхайн томоохон дүүрэгт (Өмнөговь) байршилтай тул дэд бүтэц, авто зам, бэлэн худалдан авагчид (уул уурхайн компаниуд) болон эрчим хүчний дутагдалтай Монгол Улсын дотоодын зах зээл зэрэг бэлэн эрэлт, давуу талууд хаяанд нь байна.
TMK Energy-ийн Гүйцэтгэх захирал Дугал Фергюсон: "Сүүлийн долоо хоногт хийн олборлолт тогтвортой бөгөөд бодитоор өссөн нь Гурвантэс төслийн арилжааны асар их нөөц бололцоонд итгэх бидний итгэлийг улам нэмэгдүүллээ" хэмээн тэмдэглэв.
Метан хий гэж юу вэ, түүнийг юунд ашигладаг вэ?
Нүүрсний давхаргын метан хий (Coal Seam Gas - CSG) нь нүүрсний давхаргад газар доор асар их даралт дор хуримтлагдсан байдаг байгалийн хийн нэг төрөл юм. Энэхүү хий нь үндсэндээ метан (CH₄)-аас бүрддэг бөгөөд байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог.
Үндсэн ашиглалт, ач холбогдол:
- Цахилгаан ба дулаан үйлдвэрлэл: Метан хийг шатааж цахилгаан болон дулааны эрчим хүч гаргаж авдаг. Нүүрснээс хамааралтай манай улсын хувьд агаарын бохирдлыг бууруулахад маш том үүрэг гүйцэтгэнэ.
- Ахуйн болон үйлдвэрлэлийн түлш: Хийн плитка, халаалтын систем болон уурын зуухнуудад хамгийн найдвартай, аюулгүй ухаалаг түлш болдог.
- Авто тээврийн эко түлш: Шахсан (CNG) болон шингэрүүлсэн (LNG) хэлбэрээр автомашин, хүнд даацын ачааны машинуудын байгаль орчинд хор нөлөөгүй цэвэр түлш болгон ашигладаг.
- Химийн үйлдвэрлэл: Метан хийг устөрөгч, метанол, бордоо болон төрөл бүрийн хуванцар материалын түүхий эд гаргаж авахад ашигладаг.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг




