ЕСБХБ Улаанбаатар хотод Суурин төлөөлөгчийн газраа байгуулж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжиж ирсэн хоёр арваны түүхэн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тус банк өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсад нийт 172 төслийг санхүүжүүлж, 3.2 тэрбум ам.долларын (€2.8 тэрбум) хөрөнгө оруулалтыг амжилттай хийсэн юм.
Өнгөрсөн хоёр арваны хугацаанд тус банк Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц, санхүү, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг олон салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулжээ.
ЕСБХБ-ны Монгол Улсад олгосон нийт зээл, санхүүжилтийн 90 хувь нь хувийн хэвшлийн компаниудад чиглэсэн бөгөөд ингэснээр тус банк Монголын хувийн хэвшлийн хамгийн том олон улсын зээлдэгч, түнш болж чадсан байна.
Дотоодын конгломератууд болон үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн нь
ЕСБХБ нь Монголын ДНБ-ий 30 орчим хувийг бүрдүүлдэг "Оюу Толгой" төсөлтэй урт хугацаанд амжилттай хамтран ажиллаж ирснээс гадна уул уурхайн бус салбаруудыг солонгоруулахад гол анхаарлаа хандуулж ирсэн юм. Тус банк MCS, MSM, Таван Богд, Шунхлай Холдинг зэрэг үндэсний томоохон групп компаниудын ногоон технологи нэвтрүүлэх, тогтвортой өсөлтийг хангахад өнөөдрийн байдлаар 570 сая ам.долларын (€494 сая) багцын санхүүжилтээр дэмжлэг үзүүлээд байна.
- Инноваци ба Ногоон шилжилт: ЕСБХБ анхны "Тогтвортой байдлын шалгуурт суурилсан зээл"-ээ М-Си-Эс Кока-Кола компанид цахилгаан ачааны машины парк байгуулах, байгаль орчинд ээлтэй сав баглаа боодол нэвтрүүлэхэд зориулан олгожээ. Мөн "GS25" сүлжээ дэлгүүрийг өргөжүүлэх замаар олон зуун ажлын байр нэмэгдүүлж, "Улаанбаатар гурил" компанид Монголын анхны FSSC 22000 хүнсний аюулгүй байдлын гэрчилгээг авахад дэмжлэг үзүүлсэн аж.
- Ноолуурын салбар: Дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг хангадаг Монгол Улсын ноолуурын салбарт Говь ХК болон Тогтвортой шилэн анианы холбоо (SFA)-той хамтран бэлчээрийн менежмент, утас ээрэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд FINTECC хөтөлбөрөөр дамжуулан урт хугацаанд дэмжсэн юм.
Санхүүгийн салбар ба Тогтвортой Дэд бүтэц
ЕСБХБ нь 2006 онд ХасБанкинд анхны зээлээ олгосноос хойш дотоодын банкны салбарыг жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүрэх гол суваг болгон хөгжүүлжээ. Өдгөө Хаан Банк, ХасБанк, Голомт Банк болон Транскапитал, ВишнФанд зэрэг ББСБ-уудаар дамжсан багц нь 411 сая ам.долларт (€356 сая) хүрээд байна. Үүний дотор Хаан Банкинд олгосон 170 сая ам.долларын санхүүжилт нь Монголын банкны түүхэн дэх хамгийн том багц зээл болсон юм.
Тогтвортой дэд бүтцийн салбарт ЕСБХБ-ны багц 337 сая ам.долларт хүрсэн бөгөөд үүнд:
- Дархан хотод баригдаж буй 220 км урттай цахилгаан дамжуулах шугам,
- Дархан хотод баригдаж буй Монголын анхны EDGE ногоон барилгын гэрчилгээтэй 250 ортой Зүрх судасны эмнэлэг,
- "Ногоон хотууд" хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын усан хангамж, дулаан, хямд орон сууц болон тус хотод баригдах зүрх судасны эмнэлгийн төслүүд багтаж байна.
Жижиг бизнесийг чадавхижуулсан нь
ЕСБХБ-ны "Жижиг бизнесийн зөвлөх үйлчилгээ" хөтөлбөрийн хүрээнд Монголын 1,000 орчим аж ахуйн нэгжид тусгайлсан зөвлөх үйлчилгээ үзүүлж, 6,000 гаруй бичил, жижиг дунд бизнесийг сургалт, менторшипд хамруулсан байна. Энэхүү төсөл хөтөлбөрүүдийг Европын Холбоо, Япон, Солонгос зэрэг доноруудын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж иржээ.
ЕСБХБ цаашид Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжиж, хувийн хэвшлийг чадавхижуулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ногоон технологиудыг нэвтрүүлэх чиглэлээр түншлэлээ улам бүр өргөжүүлэхээ илэрхийллээ.