Dark Light
Эдийн засаг | 2026-09-18

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТАЛБАЙД 1250 ТОННЫН ДААЦТАЙ АВАРГА КРАН УГСАРЧ ДУУСЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Үйлдвэрийн хамгийн өндөр, төвөгшилтэй цамхгуудыг өргөж угсрах түүхэн ажил эхлэхэд бэлэн болов.

Монгол Улсын стратегийн чухал бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд технологийн хамгийн өндөр, төвөгшилтэй байгууламжуудыг угсрах бэлтгэл ажил хангагдлаа. Үйлдвэрийн гол цөм болох Атмосферийн нэрлэгийн цамхаг (CDU Column) болон Вакуум нэрлэгийн цамхаг (VDU Column)-ийг өргөж, суурилуулах зориулалттай 1250 тоннын даацтай ZOOMLION ZCC17000 аварга гинжит краныг талбайд угсарч, ашиглалтад бүрэн бэлэн болгоод байна.

Энэхүү хүнд даацын аварга кран нь нефть-химийн үйлдвэр, эрчим хүчний томоохон байгууламж, салхин турбин болон нүсэр хэмжээний ган бүтээц угсрах зориулалттай дэлхийн инженерчлэлийн шилдэг шийдлүүдийн нэг юм.

Аварга техникийн үндсэн үзүүлэлтүүд:

  • Өргөх өндөр: 190 метр хүртэл (Үндсэн сумны хамгийн урт нь 204 метр)

  • Максимум өргөх чадал: 1250 тонн

  • Хамгийн их өргөх момент: 17,008 тн·м

  • Эргэлтийн хурд: Маш нарийн ажиллагаатай буюу минутад 0–1.0 эргэлт

  • Шилжилтийн хурд: Цагт 0–0.95 км

  • Өгсүүр зам туулах чадвар: 15 хувь хүртэл

Тус краныг угсарч бэлэн болгосноор Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын хамгийн хариуцлагатай, хүнд жинтэй тоног төхөөрөмжүүдийг аюулгүй, нарийн дарааллын дагуу босгох түүхэн ажлууд ар араасаа албан ёсоор эхлэх юм.

Атмосферийн болон Вакуум нэрлэгийн цамхаг гэж юу вэ?

Эдгээр нь түүхий газрын тосыг халааж, өндөр даралтаар буцалгах замаар олон төрлийн бүтээгдэхүүн болгон салгадаг үйлдвэрийн хамгийн гол "зүрх" болсон аварга байгууламжууд юм.

  • Атмосферийн нэрлэгийн цамхаг (CDU): Газрын тосыг хамгийн эхний шатанд нэрж, бидний өдөр тутам хэрэглэдэг бензин, дизель түлш, керосин (онгоцны түлш) зэрэг хөнгөн фракцуудыг салган авдаг.

  • Вакуум нэрлэгийн цамхаг (VDU):
    Эхний шатнаас үлдсэн хүнд үлдэгдлийг вакуум (агааргүй) орчинд дахин нэрж, мазут, гудрон, тослогооны материал болон дараагийн шатны боловсруулалтад орох түүхий эдийг гаргаж авдаг байна.

Эдгээр цамхгууд нь хэдэн зуун тонн жинтэй, хэдэн арван метр өндөр нүсэр хэмжээтэй тул тэдгээрийг босгож, суурилуулахад дэлхийд дээгүүрт орох 1250 тонны аварга кран зайлшгүй шаардлагатай болжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19