Dark Light
Эдийн засаг | 2026-09-19

ГАЦСАН ТӨСЛҮҮД ХӨДӨЛЖ, ШИНЭ ЭХ ҮҮСВЭРҮҮД АР АРААСАА АШИГЛАЛТАД ОРНО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний салбарт түүхэн шинэчлэл, томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлж эхэллээ. Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ олон жил гацаад байсан эрчим хүчний мега төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчимжүүлэхээ албан ёсоор мэдэгдлээ.

Арвайхээрийн дулааны станц: Төсөл сэргэж, санхүүжилт нь шийдэгдлээ

Сүүлийн нэг жилийн хугацаанд бүтээн байгуулалт нь таг зогсоод байсан, одоогоор 45 хувийн гүйцэтгэлтэй байгаа "Арвайхээрийн дулааны станц" төслийг Засгийн газар анхааралдаа авлаа. Тус станцын барилгын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг ирэх 2027 оны улсын төсвийн хүрээнд бүрэн шийдвэрлэхээр болсон байна. Ингэснээр Өвөрхангай аймгийн төвийн оршин суугчид ойрын хугацаанд найдвартай дулааны эх үүсвэртэй болох боломж бүрдэж байна.

Оюутолгойн ногдол ашгийг дулааны станцуудад зарцуулна

Засгийн газраас эрчим хүчний хямралыг давахын тулд санхүүжилтийн шинэлэг бүтцийг гаргаж ирэв. Үүнд:

  • Есөн аймгийн дулааны станц: Оюутолгой төслөөс орж ирэх улсын ногдол ашгаар орон нутгийн есөн аймгийн дулааны станцын ажлыг бүрэн дуусгахад зарцуулна.

  • Нийслэлийн Дулааны VI станц: Улаанбаатар хотын дулааны VI станцын санхүүжилтийн 30 хувийг Оюутолгойн ногдол ашгаас, үлдсэн 70 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар босгоно.

  • Архангай аймаг: Бүтээн байгуулалт нь хараахан эхлээгүй байгаа Архангайн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр (PPP) шууд хэрэгжүүлнэ.

Хархоринд 50МВт-ын нарны станц болон батарей хуримтлуур баригдаж байна

Энэ өвлийн оргил ачааллаас өмнө буюу ирэх 12 дугаар сард багтан манай улс анх удаа батарей хуримтлуур болон нарны станцуудыг ашиглалтад оруулахаар уралдаж байна. Засгийн газраас анх удаа зарласан сэргээгдэх эрчим хүчний нээлттэй дуудлага худалдаанд (аукцион) хувийн хэвшлийнхэн шалгарч, ажлаа шуурхайлаад байгаа юм. Үүний нэг жишээ болох Өвөрхангай аймгийн Хархорин дахь 50МВт-ын нарны станцын төслийн гүйцэтгэл одоогоор 45 хувьтай үргэлжилж байна.

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал: "УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн хүрээнд бид эрчим хүчний асуудлаа бүхэлд нь шийдвэрлэх суурийг тавьж байна. Хөгжлийн томоохон төслүүдийг урагшлуулж, ард түмэндээ бодит үр дүн гаргаж харуулах болно" хэмээн онцоллоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19