Дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг хангадаг ч ердөө 10 хувийг нь дотооддоо боловсруулж байна. Шинэ төслөөр 360 гаруй ажлын байр нэмэгдэнэ.
Манила хотноо төвтэй Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсын ноолуурын өртгийн сүлжээг бэхжүүлэх, мөн хүнсний үйлчилгээний салбарт ажлын байрыг өргөжүүлэх зорилгоор нийт 30 сая ам.долларын зээлийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зурснаа мэдэгдлээ.
Энэхүү хөрөнгө оруулалт нь манай улсын мал аж ахуйн салбарын гол тулгуур болох нүүдэлчин малчдаас түүхий ноолуурыг тогтвортой байдлаар бэлтгэн авах, өндөр өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтыг дотооддоо нэмэгдүүлэх, мөн хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэх юм байна.
Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн рүү
Азийн Хөгжлийн Банкнаас гаргасан судалгаанд дурдсанаар, Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн даруй 45 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг хэдий ч үүний ердөө 10-хан хувийг нь дотооддоо гүн боловсруулж, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож чаддаг байна. Үлдсэн асар их хэмжээний ноолуур угаасан болон анхан шатны боловсруулалттайгаар хямд үнээр гадагшаа экспортлогддог нь манай улсын эдийн засагт томоохон алдагдал болдог аж.
Иймд уг төслийг санхүүжүүлснээр дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал эрс нэмэгдэж, малчдын орлого тогтворжихын зэрэгцээ Монгол Улсад шинээр нарийн мэргэжлийн 367 ажлын байр бий болно гэж АХБ урьдчилан тооцоолжээ.
Энэхүү төсөл нь уул уурхайн бус экспортыг дэмжих, уламжлалт мал аж ахуйн гаралтай түүхий эдийг дэлхийн зах зээлд үнэ цэнтэй брэнд болгож гаргахад чухал алхам юм. Олон улсын байгууллагын энэхүү дэмжлэг нь дотоодын ноолуурын брэндүүд олон улсад өрсөлдөх, их хотын залууст үйлдвэрлэл, технологийн шинэ ажлын байрууд нээгдэхэд томоохон хөшүүрэг болох ач холбогдолтой байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг




