Dark Light
Эдийн засаг | 2026-09-21

ДЭЛХИЙН БАНК МОНГОЛЫН ТАЛД “COUNTRY COMPACT” БОЛОВСРУУЛАХ САНАЛ ТАВИЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Дэлхийн банкнаас Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл, геологийн судалгаа, дэд бүтэц, хөрөнгө оруулалт болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах санал тавилаа. Энэхүү ажлын хүрээнд уул уурхайн салбарын хөгжлийг урт хугацаанд цогцоор нь зураглах “Country Compact” буюу Улсын түншлэлийн цогц баримт бичгийг хамтран боловсруулах санаачилгыг дэвшүүлсэн байна.

Уулзалтаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням Монголын талын баримтлах тэргүүлэх чиглэлүүдийг танилцууллаа. Тэрээр үндэсний хэмжээнд геологи, геофизикийн судалгааг эрчимжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын болон газар ашиглалтын нэгдсэн бодлого боловсруулах, улмаар уул уурхайн салбарын мэдээллийг олон улсад нээлттэй болгох нэгдсэн платформ бий болгох шаардлагатайг онцлон тэмдэглэв. Дэлхийн банкны төлөөлөгчид манай улсаас гаргасан эдгээр санал, тэргүүлэх чиглэлд тулгуурлан “Country Compact”-ийн эхний төслийг боловсруулж, ойрын хугацаанд танилцуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

“COUNTRY COMPACT” ГЭЖ ЮУ ВЭ?

Олон улсын хөгжлийн практикт “Country Compact” (Улсын түншлэлийн баримт бичиг) гэдэг нь тухайн улсын Засгийн газар болон Дэлхийн банк зэрэг хандивлагч, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийнхэн нэгдсэн нэг зорилгын дор хүчээ нэгтгэн ажиллах стратегийн замын зураг юм. 

Энэхүү баримт бичгийн гол онцлог, ач холбогдол нь дараах хэдэн үндсэн зарчимд оршдог:

  • Хууль зүйн үүрэг хүлээхгүй тунхаг: Уг баримт бичиг нь олон улсын гэрээ эсвэл хатуу санамж бичиг биш тул талуудад хууль зүйн заавал биелүүлэх үүрэг хүлээлгэдэггүй. Харин хамтын ажиллагааны урт хугацааны алсын хараа, хүрэх үр дүн, хугацааг тодорхойлсон харилцан итгэлцлийн тунхаг юм.

  • Төр өөрөө чиглэлээ тодорхойлно: Бусад бэлэн төслүүд шиг олон улсын байгууллагын заавраар биш, харин тухайн улсын Засгийн газар өөрөө өөрийн орны тэргүүлэх чиглэл, тулгамдсан асуудлаа тодорхойлж, түүндээ тулгуурлан боловсруулдаг давуу талтай. 

  • Хөрөнгө оруулалтын гүүр болно: Олон улсын санхүүгийн зах зээл дээр "Country Compact" бүхий салбарыг бодлогын хувьд тогтвортой, институцийн хувьд чадамжтай гэж үздэг тул гадны томоохон хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн тухайн салбарт айдасгүйгээр хөрөнгө оруулах итгэлцлийн суурь болж өгдөг. 

  • Үр ашиггүй зардлыг бууруулна: Дэлхийн банк болон бусад доноруудын санхүүжилтийг салбарын хэмжээнд салангид, үр ашиггүй төслүүдэд үрэхгүйгээр зөвхөн Засгийн газраас тогтоосон нэгдсэн нэг том зорилго, шинэчлэлийн зүг рүү зангидан чиглүүлж, үр ашгийг нэмэгдүүлдэг. 

Дэлхийн банк урьд нь эрүүл мэнд, хөдөө аж ахуй, усны менежментийн салбарт улс орнуудад энэхүү загварыг санал болгож байсан бол энэ удаад Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгүүр болох уул уурхайн салбарыг олон улсын жишигт нийцүүлэн урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхийн тулд уг баримт бичгийг боловсруулахаар санал тавиад байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19