Хятадын зах зээлд Индонезийн нийлүүлэлт буурч, Монгол болон Оросынх нэмэгдэв
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас гаргасан сүүлийн үеийн мэдээллээр тус улсын нүүрсний хамгийн том нийлүүлэгч болох Индонезийн импорт өнгөрсөн 8 дугаар сард өмнөх оны мөн үеэс даруй 18 хувиар буурсан байна. Индонезийн нийлүүлэлт ийнхүү суларсан үед Монгол, Орос болон Австрали улсаас Хятад руу гаргах нүүрсний экспортын хэмжээ мэдэгдэхүйц өсжээ. Тайланд дурдсанаар Монгол Улсаас Хятад руу гаргасан нүүрсний экспорт 8 дугаар сард өмнөх оны мөн үеэс 17 хувиар өсөж, 9.81 сая тоннд хүрсэн байна.
Хамгийн анхаарал татсан үзүүлэлт нь энэ оны эхний найман сарын нийлбэр дүнгээр манай улсын экспорт 49 хувиар огцом өсөж, даруй 78.38 сая тоннд хүрсэн явдал юм. Энэхүү үзүүлэлт нь Хятадын нүүрсний хамгийн том дөрвөн нийлүүлэгч орнууд дундаа хамгийн өндөр, хамгийн хүчтэй өсөлтөд тооцогдож байна. Нөгөө талдаа ОХУ-аас Хятад руу гаргасан нүүрсний экспорт 8 дугаар сард 13 хувиар өсөж 9.20 сая тоннд хүрсэн бол Австралийн нийлүүлэлт 5 хувиар нэмэгдэж 7.02 сая тонн болжээ.
Хэдийгээр Монгол, Оросын экспорт нэмэгдсэн ч Хятадын нүүрсний нийт импортын хэмжээ 8 дугаар сард өмнөх оныхоос 2 хувиар, харин 7-р сарын үзүүлэлтээс 4 хувиар тус тус буурч, 42.09 сая тоннд хүрчээ. Гэсэн хэдий ч энэ оны 1 дүгээр сараас 8 дугаар сар хүртэлх хугацааны Хятадын нийт импорт 3 хувиар өсөж, 310.19 сая тонн болоод байна. Салбарын шинжээчдийн үзэж буйгаар Индонезийн урт хугацааны давамгайлал суларч байгаа энэ үед манай улсын хилийн боомтуудын нэвтрэх чадвар сайжирч, тээвэрлэлт тогтворжсон нь Монголын нүүрсний хувь хэмжээ Хятадын зах зээлд улам батжих гол хөшүүрэг болж байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг




