Dark Light
Эдийн засаг | 2026-09-22

АВСТРАЛИЙН JADE GAS КОМПАНИ МОНГОЛЫН ТАВАНТОЛГОЙН ТӨСЛИЙН ХИЙН НӨӨЦИЙГ ҮНЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсын Тавантолгой XXXIII талбайн нүүрсний давхаргын метан хийн (TTCBM) төслийг хэрэгжүүлэгч Австралийн Jade Gas компани нүүрсний давхаргаас ч илүү гүнд хийн нөөц агуулагдаж байгаа эсэхийг тодорхойлохоор 2D болон 3D геофизикийн (сейсмик) судалгаа хийх төлөвлөгөөгөө танилцууллаа. Үүгээр зөвхөн гүний нүүрсний давхаргаар хязгаарлагдахгүй, занарын хий болон элсэн чулууны нягт давхарга дахь хийн нөөц зэрэг геологийн үе давхаргын бүхий л дарааллыг (зүйл дарааллыг) иж бүрнээр нь судлах аж.

Төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд 2D сейсмик судалгаагаар геологийн бүтэц, давхаргын ерөнхий зураглалыг гаргах бөгөөд дараа нь өндөр нарийвчлалтай 3D судалгааг хийж, гүний хайгуулын цооног өрөмдөх боломжит байршлуудыг эрэмбэлэх юм. Энэхүү хандлага нь БНХУ-ын Ордосын сав газар, тэр дундаа өмнө нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй байсан "Sino Gas & Energy" компанийн хөгжүүлж байсан Линшин хийн ордын туршлагад үндэслэсэн байна. Тус бүс нутагт хийсэн хайгуулаар нүүрсний давхаргын метан, занарын хий болон элсэн чулууны хийн давхаргууд босоо тэнхлэгтээ давхарлан байрлаж байсныг илрүүлсэн бөгөөд Данин-Жишиань бүсэд 2,000 метрээс дээш гүнд метан хийн олборлолтыг амжилттай гүйцэтгэж байсан түүхтэй.

Jade Gas компанийн гүйцэтгэх захирал Иан Ван хэлэхдээ: “Тавантолгой төслийн талбайд нүүрсний давхаргын хийн систем аль хэдийн тогтоогдсон бөгөөд бидний одоогийн зорилго бол энэ систем гүн рүүгээ хэр хол үргэлжлэхийг ойлгох явдал юм. Олон улсын эрчим хүчний компаниудаас ирж буй сонирхол, санал хүсэлтүүд нь энэхүү гүний нөөцийг судлах нь зүйтэй гэсэн бидний байр суурийг улам баталгаажуулж байна” хэмээн онцолжээ.

Энэхүү гүний хайгуулын ажил нь урт хугацааны стратегийн санаачилга бөгөөд Jade Gas компанийн ойрын хугацаанд "Улаан нуур" (Red Lake) талбай дахь тогтоогдсон нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах, олборлох үндсэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахгүй юм. Тус компани өнгөрсөн сард Тавантолгой төслийн үйл ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөгөө Монгол Улсын зохицуулах байгууллагад (АМГТГ) өргөн барьж, 502 ам дөрвөлжин километр талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийг тохироод байгаа билээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19