Dark Light
Эдийн засаг | 2026-09-22

ӨМНӨД СОЛОНГОСЫН УХААЛАГ ЗАХИАЛГЫН ТЭРГҮҮЛЭГЧ "T'ORDER" МОНГОЛД НЭВТЭРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Өмнөд Солонгосын ухаалаг захиалгын (table-order) салбарт тэргүүлэгч "t'order" компанийн охин компани болох t'order Stay нь Төв Азийн зах зээл дэх үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Монголын зах зээлд өөрийн ухаалаг шийдлийг нэвтрүүлж эхэллээ. 

Тус компани Монгол улсад цахим бизнес болон зочлох үйлчилгээний шийдлүүдийг хариуцдаг, Talon POS системийг хөгжүүлэгч AKT MN компанитай дотоодын зах зээлд ухаалаг цэсийн үйлчилгээг нэвтрүүлэх стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт (MOU) гарын үсэг зурснаа есдүгээр сарын 21-ний өдөр албан ёсоор зарлав. 

Төслийн анхны хамтарсан алхам болгож талууд Монголын бизнесийн томоохон нэгдэл болох UG Group-тэй хамтран Улаанбаатар хотын лоунж, ресторан зэрэг үйлчилгээний газруудад энэхүү ухаалаг "table-order" үйлчилгээг анх удаа туршилтаар нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 

UG Group нь конвенц, зочид буудал, санхүү, барилга, автомашины худалдаа зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улаанбаатар хотод хэд хэдэн худалдааны цогцолбор болон хүнсний үйлчилгээний (F&B) төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Тэд өөрсдийн удирддаг үйлчилгээний газруудад БНСУ-д шалгарсан ухаалаг захиалгын технологийг нэгтгэснээр үйлчилгээний чанарыг сайжруулж, ресторануудын үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. 

Орон нутгийн үйл ажиллагааг хэн хариуцах вэ?

Монголын зах зээл болон үйл ажиллагааны өндөр чадавхитай AKT MN компани нь уг төслийн дотоод дахь бүхий л хэрэгжилтийг удирдан зохион байгуулна. Үүнд:

  • Бүтээгдэхүүнийг хүлээн авах болон борлуулалт

  • Хэрэглэгч, харилцагчидтай холбоо тогтоох харилцаа

  • Техник хангамжийн (hardware) худалдан авалт болон нийлүүлэлт

  • Газар дээрх суурилуулалт болон анхан шатны техникийн дэмжлэг, үйлчилгээ багтаж байна. 

Харин Өмнөд Солонгосын t'order Stay компанийн хувьд системийн ухаалаг орчныг бүрдүүлэх, алсын зайн техникийн туслалцаа үзүүлэх болон үйл ажиллагааны менежментийн зөвлөх үйлчилгээгээр хангах замаар үйлчилгээг зах зээлд тогтвортой нутагшуулахад дэмжлэг үзүүлэх юм. 

Зочлох үйлчилгээний салбарын цахим шинэчлэл

Талууд эхний ээлжинд рестораны салбарт үйлчилгээгээ баталгаажуулсны дараа, цаашид зочид буудал, амралтын газар зэрэг зочлох үйлчилгээний (hospitality) бусад салбарууд руу хамтын ажиллагаагаа шат дараатай өргөжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү алхмаар "t'order Stay" компани Хойд Америкийн зах зээлээс гадна Төв Ази руу өөрийн бизнесийн газар зүйн хүрээгээ тэлж байна. Тус компани нь зочлох үйлчилгээний салбарын дижитал шилжилтийг түүчээлэгч "i'stay" хэмээх хиймэл оюун ухаант (AI) зочид буудлын үйлчилгээний платформыг мөн ажиллуулдаг байна. 

t'order Stay компанийн Гүйцэтгэх захирал Ким Ён Үн хэлэхдээ: “Монгол Улс нь ухаалаг захиалгын зах зээлд маш өндөр өсөлтийн чадавхитай орон юм. Солонгосын зах зээлд аль хэдийн шалгарч, батлагдсан манай технологийн өрсөлдөх чадварыг Монголын дотоодын түнш компанийн давуу талтай нэгтгэснээр бид өндөр үр дүнд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна. Орон нутгийн томоохон бизнесийн нэгдэл болох UG групптэй хамтран ажилласнаар цаашид үйл ажиллагаагаа зоогийн газруудаас зочид буудал зэрэг зочлох үйлчилгээний бусад салбарууд руу шат дараатай өргөжүүлэх болно” хэмээн онцолжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19