Петро Матад компани ПетроЧайна-тай үүссэн маргааны улмаас Монгол дахь газрын тосны олборлолтоо зогсоолоо хэмээн Proactiveinvestors мэдээллээ.
Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Петро Матад Лимитед (AIM: MATD, OTC: PRTDF) компани XX талбайн түүхий тос хүлээн авахаа зогсоох тухай ПетроЧайна (PetroChina) компанийн шаардлагын дагуу Херон-1 (Heron-1) болон Газель-1 (Gazelle-1) цооногуудынхаа олборлолтыг хааж, үйл ажиллагаагаа түр зогсоосноо мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь талуудын хооронд 2026 оны Газрын тос борлуулах гэрээний дагуу үүсээд буй урт хугацааны маргааны үргэлжлэл болж байна.
Өнгөрөгч 8 дугаар сард ПетроЧайна компанийн зүгээс дотоод асуудлууд нь шийдэгдсэн тул Петро Матадын 2026 оны олборлолтын экспортыг эхлүүлж, борлуулалтыг хийхэд бэлэн болсон гэдгээ бичгээр баталгаажуулж байсан хэдий ч ийнхүү шийдвэрээсээ буцжээ. ПетроЧайна-ийн төв байранд хэлэлцүүлэг үргэлжилж байгаа шалтгаанаар Монгол дахь салбар компани нь Петро Матадын нэхэмжлэхийг боловсруулах боломжгүй байна гэж мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар XIX талбайн хадгалах савнуудын багтаамж дүүрэх дөхсөн, мөн 10 дугаар сарын эхээр БНХАУ-ын Үндэсний баярын өдрүүд тохиож Монгол Улсаас авах газрын тосны импорт түр зогсдог тул ПетроЧайна-ийн зүгээс Петро Матад компанид тос нийлүүлэлтээ зогсоох зааварчилгаа өгчээ.
Петро Матад компани үүсээд буй нөхцөл байдлыг Монгол Улсын Шадар сайдын түвшинд хүргэж, зохицуулах байгууллагууд, яамд болон дипломат шугамаар асуудлыг шийдвэрлэхээр идэвхтэй ажиллаж байна. Хэрэв ПетроЧайна-ийн зүгээс үүсгэсэн саатал үргэлжилсээр байвал тус компани газрын тосоо зах зээлд гаргах өөр хувилбаруудыг боломжит худалдан авагчидтай үргэлжлүүлэн хэлэлцэх болно гэдгээ илэрхийлэв.
Петро Матад компанийн Гүйцэтгэх захирал Майк Бак (Mike Buck) хэлэхдээ:
"Өнгөрсөн сард бичгээр баталгаажуулсан амлалт өгсний дараа ийм үйл явдал болж байгаа нь үнэхээр итгэхийн аргагүй хэрэг юм. Бид энэхүү таагүй нөхцөл байдлыг нэг мөр, сэтгэл ханамжтайгаар эцэслэхийн тулд холбогдох бүх талуудтай хамтран ажиллаж байна" хэмээн тэмдэглэв.
Компани 2026 оны газрын тосны борлуулалтын орлогоо хүлээж буй энэ үед бэлэн мөнгөний зарцуулалтаа нарийн хянаж байгаа бөгөөд 2027 он хүртэл үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх хангалттай санхүүгийн эх үүсвэртэй гэдгээ нэмж мэдэгдлээ.
ТАТАР МАЙДАР






Эдийн засаг




