Гашуунсухайт—Ганцмод боомтын хил дамнасан 19.5 км төмөр замын төслийн хүрээнд Монгол Улсын төмөр замын сүлжээнд анх удаа өргөн болон нарийн цариг хоёр түвшинд огтлолцох бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.
Энэхүү стратегийн чухал төслийг Монголын талаас “Тавантолгой төмөр зам” ХХК хэрэгжүүлж байгаа бөгөөд барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “CRCC” корпорацын охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ажиллаж байна. Уг төсөл нь өргөн царигийн 8.7 км, нарийн царигийн 10.8 км төмөр зам, мөн 9.4 км урт гүүртэй байхаар төлөвлөгдсөн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 57.67 хувьтай үргэлжилж байна.


Энэхүү хоёр түвшний огтлолцлын шийдэл нь хөдлөх бүрэлдэхүүний оврыг бүрэн хангах бөгөөд өргөн, нарийн царигийн галт тэрэг харилцан бие биедээ саад учруулахгүйгээр тээвэрлэлтийг хоёр түвшинд саадгүй, тасралтгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Төслийг 2026 онд багтаан үндсэн ажлуудыг дуусгаж, 2027 оны 4 дүгээр сард туршилтын тээврийг эхлүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд ашиглалтад орсноор хоёр улсын хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал үлэмж нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эрс хурдасна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг




