Өмнөд Солонгосын хуучин автомашины экспортын хамгийн том зах зээл байсан Ойрхи Дорнодод дайны зөрчил mөргөлдөөн үүссэний улмаас тээвэрлэлт зургаан сар гаруй хугацаанд зогсоод байна. Ачааны хөлөг онгоцны талбай олдоцгүй болж, тээврийн зардал огцом өссөн нь экспортоос олох ашгийг үгүй хийж байгаа тул Солонгосын автомашин экспортлогчид Монгол Улс болон Төв Азийн зах зээлийг голчлон сонгох болсныг БНСУ-ын Korea JoongAng Daily мэдээллээ.
Korea JoongAng Daily-гийн бичсэнээр Монгол Улсыг хамгийн ирээдүйтэй зах зээл хэмээн Солонгосын хуучин машины наймаачид үзэж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын импортын суудлын автомашины 90 гаруй хувийг Японы хуучин автомашин эзэлж байна. Гэвч баруун жолоотой машин нь баруун гар талын замын хөдөлгөөнтэй Монголчуудын хувьд аюулгүй байдлын хүндрэл үүсгэдэг тул Солонгосын зөв жолоотой автомашиныг хамгийн ирээдүйтэй хэрэглэгч гэж үзжээ.
Хоёр орны хооронд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр ба татварын хөнгөлөлтөд хуучин машин экспортлогчид найдлага тавьж байгаа аж. Хоёр улс өнгөрсөн долдугаар сард Эдийн засгийн түншлэлийн цогц хэлэлцээр (EPA)-ийг зарчмын хувьд тохиролцсон. Энэхүү хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлснээр Солонгосоос импортолж буй 4-6 жилийн настай хуучин автомашины татварыг ирэх 5 жилийн хугацаанд шат дараатайгаар бүрмөсөн тэглэхээр төлөвлөжээ.
Үнэлгээний өсөлт ба чанарын асуудал бас энд яригдана. Өмнө нь Солонгосын хуучин машин Японы ижил загваруудаас даруй хагас үнээр хямд (50%) зарагддаг байсан бол өдгөө чанар нь сайжирч 70-80 хувьд хүрч үнэлэгддэг болсон байна.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд Солонгосоос ирсэн, дээрээ "Seoul Taxi" гэсэн бичигтэй автомашинууд явах нь элбэг байдаг бөгөөд энэ нь Монголчуудын дунд уг автомашиныг Солонгост үйлдвэрлэсэн чанартай гэдгийг илтгэх нэгэн төрлийн сурталчилгаа болдог хэмээн хуучин машины наймаачид үзэж буй талаар тус сонин бичжээ.
Тус салбарынхан гадаад зах зээлд өсөлт гаргахын тулд шинэ худалдан авагчдыг татаж байна. Солонгосын Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг (KOTRA) саяхан Узбекистан, Монгол, Африк болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн (ТУХН) орнуудын худалдан авагчдыг урьж, Солонгосын дилерүүд болон сэлбэг нийлүүлэгчидтэй уулзуулжээ.
Тэр дундаас Монгол Улсыг хамгийн ирээдүйтэй хэрэглэгч гэж үзэж байна. Монголын импортын суудлын автомашины 90 гаруй хувийг Японы загварууд эзэлдэг ч баруун жолоотой тээврийн хэрэгсэл нь Солонгос шиг замын баруун талаар зорчдог Монголчуудын хувьд хүндрэл учруулсаар байгаа юм.
Долдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны талууд Эдийн засгийн түншлэлийн цогц хэлэлцээр (EPA)-ийн талаар зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн нь дипломат харилцааны том дэмжлэг болж магадгүй юм.
Уг хэлэлцээрт гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болсноор Солонгосоос импортолж буй 4-6 жилийн настай хуучин автомашины гаалийн татварыг таван жилийн хугацаанд шат дараатайгаар бүрмөсөн тэглэнэ.
Дэлим их сургуулийн Автомашины инженерийн профессор, Солонгосын хуучин автомашины экспортын холбооны дарга Ким Пил Сүү "Солонгосын хуучин автомашинууд өмнө нь гадаадын зах зээлд Японы ижил төрлийн загваруудын тал үнээр л зарагддаг байсан. Харин одоо үнэлгээ нь 70-80 хувьд хүрсэн" гээд, Японы автомашинууд давуу талаа хадгалсаар байгаа нь худалдан авагчид тэдний гэрчилгээ, хяналт шалгалт, баталгаат хугацааны систем болон автомашины эдэлгээнд итгэдэгтэй холбоотойг тэмдэглэв.
Тэрээр үргэлжлүүлэн "Солонгос улс экспортын автомашины баталгаажуулалтын системийг бүрдүүлж байж бодит үнэлгээгээ авч чадна. Үүний тулд экспортлогчдод нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, улс орнуудын зохицуулалтын мэдээллийг тодорхой нийтлэх, мөн үерт автсан ч сэргээн засварласан машиныг шаардлагатай орнууд руу нь экспортлох журмыг хөнгөвчлөх хэрэгтэй" гэж нэмж хэлэв.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг




