Dark Light
Эдийн засаг | 2026-09-29

МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН ХООРОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улс болон БНЭУ-ын хооронд агаарын тээврийн шууд, зогсолтгүй нислэг даваа гарагт албан ёсоор эхэлж, Улаанбаатар–Шинэ Дели чиглэлд тогтмол үйлчилгээ нээгдсэнээр хоёр улсын нийслэл хооронд зорчих хугацааг ердөө 5 цаг орчим болгон эрс буурууллаа. 

Энэтхэгийн өдөр тутмын The Tribune сонины мэдээлснээр Улаанбаатараас хөөрсөн анхны нээлтийн нислэг даваа гарагийн өглөө 07:20 цагт Индра Гандийн олон улсын нисэх онгоцны буудлыг 3 дугаар терминалд газардсан бол Шинэ Делигээс буцах анхны нислэг мөн өдрийн 16:37 цагт хөөрчээ. Энэхүү шууд нислэгийг Монголын "Хүннү Эйр" авиа компани гүйцэтгэж байгаа бөгөөд цаашид долоо хоног бүрийн даваа гарагт тогтмол үйлдэхээр хуваарь гарсан аж. Ингэснээр зорчигчдод өмнө нь Бээжин эсвэл Инчон зэрэг дамжин өнгөрүүлэх төвүүдээр дамжиж, нийт 13-аас 18 цаг зарцуулдаг байсан аяллыг шууд орлох хамгийн дөхөм хувилбар бий болж байна. Уг шууд нислэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн .Хүрэлсүхийн 2025 оны 10 дугаар сард Энэтхэг улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Ерөнхий сайд Нарендра Модитой хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр албан ёсоор зарлагдсан шийдвэр байсан бөгөөд ийнхүү жилийн дараа ажил хэрэг болж байна.

Шууд нислэгийн шинэ чиглэл нь хоёр улсын аялал жуулчлалын урсгалыг тал бүрээр дэмжих өндөр хүлээлттэй байна. Монголчуудын хувьд Энэтхэгийн Буддын шашны түүхэн өв соёл, мөргөлийн газруудаар аялах таатай нөхцөл бүрдэж, оюун санааны аялал жуулчлалын шинэ боломжууд нээгдэж байна. Үүнээс гадна уг чиглэл нь Монголоос Энэтхэг рүү чиглэсэн эрүүл мэндийн аялал жуулчлал буюу анагаах ухааны тусламж, үйлчилгээ авахаар зорчиж буй иргэдийн урсгалыг томоохон хэмжээгээр хөнгөвчлөх юм. Харин Энэтхэгийн жуулчдын хувьд Монгол орны онгон дагшин байгаль, нүүдэлчин соёл, түүхийн арвин өв уламжлалтай танилцах, ялангуяа өвлийн аялал жуулчлалын тусгай хөтөлбөрүүдэд хамрагдах хамгийн дөхөм гарц болж байна.

Шууд нислэг нь Энэтхэг, Монголын бизнес, худалдааны харилцаа холбоог гүнзгийрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах юм. Агаарын тээврийн холболт сайжирснаар хоёр улсын хоорондох ачаа эргэлт, логистикийн хөдөлгөөн хурдсаж, улмаар хоёр талын өргөн хүрээний стратегийн түншлэлийг бодитоор бэхжүүлэх боломж бүрдэнэ. 

Өдгөө Энэтхэг, Монголын иргэд харилцан визгүй зорчдог бөгөөд үүн дээр цахим визний үйлчилгээ давхар ажилладаг нь хоёр зах зээлийн хооронд иргэд чөлөөтэй зорчих суурь нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Шинэ Дели хотоос олон улсын шинэ чиглэл ийнхүү нээгдсэн нь хоёр орны аялал жуулчлалын операторуудад зорчих хугацааг хэмнэсэн амралт чөлөөт цагийн, оюун санааны, эрүүл мэндийн болон тусгай сонирхлын цоо шинэ аяллын бүтээгдэхүүн, маршрутуудыг зах зээлд гаргах өргөн боломжийг олгож байна. Энэхүү агаарын шинэ холболтыг бодит ажил болгоход Энэтхэг улсаас Монголд суугаа Элчин сайд Атул Малхари Гоцурве болон холбогдох албаныхан идэвхтэй хамтран ажилласныг эх сурвалж тэмдэглэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19