Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр CAREC-ийн 25 жилийн ойн өндөр түвшний арга хэмжээ нийслэл хотноо амжилттай үргэлжилж байна. Энэхүү чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Жадамбын Энхбаяр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн дэд сайд Самад Баширлиг хүлээн авч уулзлаа.
Азербайжан Улс Иран руу гарах худалдааны "Гүүр" болно
Уулзалтын үеэр Азербайжаны тал Монгол Улсаас авах импортын бараа бүтээгдэхүүний хэмжээг эрс нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа онцлов. Юун түрүүнд, Монголын хонь, ямааны махны экспортын одоогийн өсөлтийг суурь болгон худалдааг ноос ноолуур, хөдөө аж ахуй, хүнсний салбараар төрөлжүүлэх бүрэн боломжтой гэж үзлээ. Түүнчлэн Азербайжан улс нь Монголын бараа таваарыг өөрийн газар нутгаар дамжуулан Иран зэрэг Ойрх Дорнодын томоохон зах зээл рүү гаргах логистикийн гол "гүүр" болоход бэлэн байгаагаа албан ёсоор илэрхийлсэн нь онцлох үйл явдал болов.
Газрын тосны хайгуул, шатахуун импортлох шинэ суваг
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Монгол Улс Азербайжан улстай хөгжүүлж буй эдийн засгийн түншлэлдээ өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд, тус улсыг манай улсын газрын тос, нефтийн геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийхийг урилаа. Мөн Монгол Улс Азербайжанаас шатахуун импортлох боломж, гарцыг шинээр хайж буй асуудлыг хөндсөн юм. Үүний хариуд дэд сайд Самад Баширли Азербайжан улс газрын тос, нефтийн салбарын арвин туршлагаасаа Монгол Улстай хуваалцах болон энэ чиглэлд хамтран ажиллахад бүрэн нээлттэй байгаагаа нотоллоо.
Хоёр улсын худалдааны эргэлт 2025 онд 3.8 сая ам.долларт хүрсэн бөгөөд КАРЕК хөтөлбөрийн энэ удаагийн уулзалтаар талууд цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг бодитоор өргөжүүлэх хамтарсан механизмыг хамтран тодорхойлохоор тохиролцсон байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг




