Dark Light
Эдийн засаг | 2026-10-01

ХӨРӨНГӨ АЛБАДАН ХУРААХ ЭРСДЭЛ БОЛОН УРЬДЧИЛАН ТААМАГЛАХ АРГАГҮЙ ОРЧИН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ДАЙЖУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АНУ-ын Төрийн департаментаас гаргасан “Монгол Улсын 2026 оны Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл (ICS)” тайланд бизнесийн орчин дахь хууль эрх зүйн ноцтой эрсдэлүүдийг онцолж, олон улсын хөрөнгө оруулагчдад анхаарууллаа. Баялгийн сангийн хууль, төрийн өмчийн дарамт болон татварын хэт өндөр шаардлага нь хөрөнгө оруулагчдын итгэлийг үгүй хийж, Монголын зах зээлээс дайжихад хүргэж байна гэжээ.

Улс орнууд дахь АНУ-ын элчин сайдын яамдын эдийн засгийн ажилтнуудын бэлтгэсэн Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл нь АНУ-ын компаниудад гадаадын зах зээлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад нь туслах зорилготой юм. Уг мэдэгдэл нь болзошгүй саад бэрхшээл, зах зээлийн гажуудлыг тодорхойлж, эрсдэлийг үнэлэн, чанартай хөрөнгө оруулалтыг дэмжих боломжуудыг онцолдог билээ. Мэдэгдэл нь мөн АНУ-ын компани, хөрөнгө оруулагчдад шударга хандах бизнесийн орчныг бүрдүүлэхийг эрмэлзэж буй хүлээн авагч орнуудын хувьд чухал эх сурвалж нь болдог юм.

Тус мэдэгдэлд дурдсанаар:

Монгол Улсын Засгийн газар болон Улсын Их Хурлаас 2025 онд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах алхам төдийлөн хийсэнгүй.  Шинээр хөгжиж буй тус зах зээлд байгалын баялгийн салбарт бизнес эрхлэхэд өндөр өгөөжтэй байх боломжтой ч, дараах хүчин зүйлсээс үүдэн зайлшгүй болгоомжлох шаардлага үүсч байна.  Үүнд:

  • Гадаад эдийн засаг болон санхүүгийн цочролд эмзэг байдал
  • Үр дүн муутай маргаан хянан шийдвэрлэх үйл явц
  • Дүрэм журам боловсруулах үед талуудын саналыг тусгадаггүй байдал
  • Хөрөнгө албадан хураах эрсдэл

Уул уурхай, эрчим хүч зэрэг салбаруудад хөрөнгө оруулах нь ашигтай байж болох ч тус салбарууд улс төрийн өндөр эрсдлийг дагуулсаар байна.

Эерэг талуудаас дурдвал, Монгол Улсын зах зээлд нэвтрэх саад тотгор харьцангуй бага, хөрөнгө оруулагчдын хувьд ч тавигдах хязгаарлалт цөөн тул ерөнхийдөө саадгүйгээр зах зээлд нэвтрэх боломжтой.  Түргэн хоолны болон жижиг дэлгүүрийн франчайзууд хүлээлтээс давсан үр дүнтэй байгаа нь хөрөнгө оруулагчид олон улсад амжилттай байгаа бизнесийн загваруудыг Монгол Улсад авчрах боломжтой гэдгийг харуулж байна.  Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарууд мөн өндөр ирээдүйтэй юм. 

Монгол Улс хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг ч, энэ анхаарлыг бодит хөрөнгө оруулалт болгон хувиргахад бэрхшээлтэй тулгарсаар байна.  Монгол Улс хууль, дүрэм журмыг ил тодоор боловсруулж, урьдчилан таамаглах боломжтойгоор хэрэгжүүлдэг бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэхгүй бол хөрөнгө оруулагчид Монгол Улсыг хэтэрхий эрсдэлтэй гэж үзэн, бусад өрсөлдөхүйц улс орнуудыг сонгосоор байх болно.  Бизнес эрхлэгчид бүхий л шатанд дүрэм журам, зохицуулалтын маш олон урьдчилан таамаглах боломжгүй хүнд суртлуудтай тулгарч байгаа ба яамд, агентлагуудын албан тушаалтнууд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм журмуудыг өөрсдөө ахин дахин зөрчих үйлдлүүд гаргадаг.  Хөрөнгө оруулагчид шүүхийн шийдвэр гаргуулахад маш уддаг, цаашлаад шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаа ялгаагүй их цаг шаарддагийг онцолсон бөгөөд цаашлаад, Татварын ерөнхий газар зэрэг захиргааны байгууллагууд аливаа маргаан, асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй эсвэл чадамжгүй байгаа нь шууд бус утгаараа хөрөнгө албадан хураах эрсдэл болж байгааг сануулж байна.  Ялангуяа албадлагын шинжтэй, хэт өндөр татварын дүгнэлт үйлдэх замаар харилцан тохиролцоо хийхэд хүргэж байгаа явдалд хөрөнгө оруулагчид зовниж байна.  Засгийн газар хувийн аж ахуйн нэгжээс илүү төрийн өмчийн компаниуддаа давуу байдал олгодог гэсэн ойлголт нь одоогийн хөрөнгө оруулагчид бизнесээ өргөжүүлэх, шинэ хөрөнгө оруулагчид орж ирэхэд сөргөөр нөлөөлж байна.

Эцэст нь, Монгол Улс 2024 онд үндэсний баялгийн сангаа шинэчлэн байгуулах багц хуулийг баталсан бөгөөд үүнд УИХ-аас стратегийн гэж үзсэн ордууд дах хувийн компанийн эзэмшлийг 34 хувиар хязгаарлах, 34-өөс багагүй хувийг ямар нэгэн нөхөн олговоргүйгээр төрд буцаан шилжүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгасан.  Хөрөнгө оруулагчид эдгээр зохицуулалтуудыг хөрөнгө албадан хураах шинжтэй гэж үзэж байгаа бөгөөд Засгийн газар энэ дүрмийг бусад уул уурхайн төслүүд, цаашлаад олборлохоос бусад салбарт ч ашиглах магадлалтай гэж эмээж байгаагаа илэрхийлсэн.  Хөрөнгө оруулагчид засгийн газар болон хууль тогтоогчдоос энэ зохицуулалтуудаа өөрчлөхийн сацуу уул уурхайн үр ашиг, орлогыг тэнцвэртэй хуваарилах хүсэлтийг тавьсан.  Уул уурхайн салбарын бүх орлогын 60 хувийг төр хүртэнэ гэсэн Засгийн газрын нээлттэй шаардлага хуульд тусгагдан, хэрэгжиж эхэлвэл хайгуулын болон олборлох аж ахуйн нэгжүүд Монголоос дайжихад хүрэхийг бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид сануулж байна.  2026 онд УИХ зөвшөөрөл, лиценз олгох үйл явцыг хялбарчилж, хүнд суртлыг арилгах хуулийг баталсан.  Харамсалтай нь энэ арга хэмжээ нь хэрэгжилтийг сайжруулах бодитой төлөвлөгөө, үүрэггүй байгаа нь тус хуулийг бодит хэрэгжилтийн гэхээсээ илүү бэлгэдлийн шинжтэй болсныг харуулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19