"Улаанбаатар төмөр зам" (УБТЗ) ХНН-ийн дарга Хишигжаргалын Хэрлэн,"Korea National Railway" буюу Солонгосын үндэсний төмөр замын дарга Жон Жин Хёк нар 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сөүл хотноо Монгол Улсын төмөр замын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт (MOU) гарын үсэг зурлаа
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд Монгол Улсын ойрын, дунд, урт хугацааны төмөр замын сүлжээг өргөтгөх, тэр дундаа Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх 1,111 км үргэлжлэх Транс-Монголын төмөр замыг хос замтай болгох шинэчлэлийн төслийг гол зорилтоо болгон хамтарч ажиллахаар тохиролцсон байна. Уг чиглэл нь уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлт болон олон улсын логистикийн гол зангилаа тул хос замтай болсноор тээвэрлэлтийн хүчин чадал эрс нэмэгдэх ач холбогдолтой юм.
Дэд бүтцийн бүтээн байгуулалтаас гадна төмөр замын салбарын боловсон хүчнийг бэлтгэх, сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зэрэг програм хангамжийн болон хүний нөөцийн солилцоог идэвхжүүлэхээр болжээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь Солонгосын үндэсний төмөр замын Монгол Улсад олон жилийн турш хуримтлуулсан итгэлцэлд үндэслэсэн юм. Тус компани 2021 онд Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлсэн анхны төсөл болох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дохиолол, холбооны системийн бүтээн байгуулалтын төслийг (42.5 тэрбум вон буюу 32.69 сая ам.долларын өртөгтэй) авч хэрэгжүүлсэн. Үүний дараа 2024 онд Улаанбаатар хотын метроны төслийн төслийн удирдлага, зөвлөх үйлчилгээний (PMC) ажлыг (58 тэрбум вон буюу 44.62 сая ам.долларын өртөгтэй) авснаар орон нутгийн зах зээл дэх байр сууриа улам бэхжүүлсэн байна.
Солонгосын үндэсний төмөр замын тэргүүн Жон Жин Хёк энэхүү үйл явдал нь хоёр улсын төмөр замын салбар дахь харилцан солилцоо, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх боломж болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд, өөрсдийн чадавхид тулгуурлан Монголын төмөр замын салбарт нэмэлт төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг бодит үр дүнд хүрэхийн төлөө хичээн ажиллахаа онцоллоо.
ТАТАР МАЙДАР



)



Эдийн засаг




