Dark Light
Эдийн засаг | 2026-10-02

АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВЭР ТҮГЖРЭЛД АВТСАН УЛААНБААТАРТ БАГАХАН Ч ГЭСЭН НАЙДВАР ТӨРҮҮЛЖ БАЙНА, — AFP

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Хурдацтай хотжилт болон түүнийг гүйцэхгүй байгаа дэд бүтцийн улмаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот олон жилийн турш замын түгжрэл, өвлийн утаанд нэрвэгдсээр ирсэн билээ. Төслийг хэрэгжүүлэгчид болон оршин суугчид Хөшигийн хөндий рүү чиглэсэн биш, харин гол дамнасан 4.2 километр урттай агаарын дүүжин тээвэр нь замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулж, оргил ачааллын үед 3 цаг үргэлжилдэг зорчилтыг хэдхэн минут болгон богиносгоно гэсэн хүлээлттэй байна хэмээн AFP агентлаг бичжээ.

Гэсэн хэдий ч замын түгжрэл, агаарын бохирдлоос залхсан иргэд хотын асуудлыг шийдвэрлэхэд илүү далайцтай хариу арга хэмжээ авахыг хүссээр ирсэн юм. Нийслэлийн хойд захын гэр хорооллын оршин суугч, 68 настай Александр овогтой Наранцэцэг AFP агентлагт өгсөн ярилцлагадаа: “Дүүжин тээвэр нөхцөл байдлыг бага зэрэг сайжруулах байх. Алслагдсан толгодын бэлд амьдардаг гэр бүлүүдэд зөвхөн автобуснаас бүрэн хамааралтай байх шаардлагагүй болох тул маш их ашиг тустай” гэжээ. Тэрээр мөн эрх баригчид утаа, түгжрэлийг бууруулах янз бүрийн төлөвлөгөөг байнга ярьдаг, тэдгээр нь "цаасан дээр үр дүнтэй" сонсогддог ч ихэнхдээ "хоосон яриа" болоод өнгөрдөг бөгөөд бодит ажил эсвэл нүдэнд харагдахуйц ахиц дэвшил бага байгааг шүүмжилсэн байна. 

Нийслэлийн түгжрэлийг шийдвэрлэхийн тулд арав гаруй жилийн турш газар доорх метроны системийг ярьж байгаа ч барилгын ажил хараахан эхлээгүй байна. Өдгөө 25 настай ачааны тэрэгний жолооч Мянганбаяр овогтой Энхбаяр хэлэхдээ, нийслэлийн түгжрэл улам дордохын хэрээр метро барих амлалт нь үргэлж "бодит хүлээлтээс дэндүү хол" мэт санагддаг байсныг дурджээ. Тэрээр: “Намайг хүүхэд байхаас л үе үеийн сайд нар метро барина гэж амласан. Анхнаасаа л энэ нь үнэн биш гэдэг нь тодорхой байсан” гэж ярьсан байна.

Харин Францын Poma компанийн манлайлж, Францын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Туул гол дүүжин тээврийн төслийн хөгжүүлэлт аль хэдийн эхэлсэн бөгөөд энэ оны эцэс гэхэд ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Цаашид илүү олон шугамыг барихар төлөвлөж байгаа аж. Төслийн менежер Сесиль Брой (Cecile Broi) AFP агентлагт мэдээлэхдээ: “Метротой харьцуулахад энэ төслийн өртөг бага, барилгын ажил нь маш хурдан явагддаг. Замын хөдөлгөөн хамгийн их ачаалалтай үед машин харгалзах хоёр буудлын хооронд явахад 3 цаг хүртэл хугацаа зарцуулдаг бол дүүжин тээврээр зорчиход ердөө 12 минут болно” гэж онцоллоо.

Монгол Улсын нийслэл хот Зөвлөлтийн нөлөө бүхий коммунист эрин үе дууссанаас хойш газар нутгийн хувьд эрс тэлсэн юм. 1990 онд тус хотод хагас сая орчим хүн амьдардаг байсан бол өдгөө Улаанбаатар хотын хүн ам 1.5 саяас давжээ. Хотын төв хэсэг Туул голын хөндийд байрладаг бол түүний өргөн уудам захын дүүрэг, хорооллууд нь хүрээлэн буй уулархаг бүс рүү тэлсэн байна. 

Төслийн менежер Бройн хэлснээр, энэхүү нөхцөл байдал нь агаарын дүүжин тээврийн системийг нэвтрүүлэх нь хамгийн зөв сонголт болохыг харуулсан төгс жишээ аж. Poma компанийн мэдээлснээр цагт 2,300 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай энэхүү цахилгаан дүүжин тээврийн барилгын ажил өнгөрсөн оны 3 дугаар сард эхэлсэн байна. Тус шугам нь хотын төв замууд, Туул голын өргөн хөндий болон Олон улсын Транс-Монголын төмөр замын дээгүүр дамнаж өнгөрөх юм.

Хүйтэн өвлийн улиралд Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын тоонд байнга ордог бөгөөд агаарын чанарын үзүүлэлт нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) зөвлөмжөөс тогтмол давдаг билээ. Өдгөө 42 настай оршин суугч Хоролсүрэн овогтой Эрдэнэжаргалын хувьд замын түгжрэлээс үүдэлтэй асуудлууд хүүгийнх нь боловсролд сөргөөр нөлөөлж байгааг хэлэв. Таван жилийн өмнө хотын нөгөө талд байдаг сургуульд ороход хүү нь эрч хүчээр дүүрэн байсан ч урт замыг туулан зорчих нь түүнийг туйлдуулж, сурах эрмэлзэл нь буурч, байнгын ядаргаанд орж, толгой нь өвддөг болсныг тэрээр AFP агентлагт хуваалцжээ.

Иргэн Наранцэцэг мөн нэмж хэлэхдээ, өвлийн хүйтэнд гэр хорооллын оршин суугчид гэрээ дулаацуулахын тулд нүүрс болон бусад хатуу түлш шатаадаг нь агаарын бохирдлыг туйлд нь хүргэж, амьдралын чанарт ноцтой нөлөөлдөг гэв. “Сургуулийн хүүхдүүд утаанаас болж маш их ханиалгаж, ойр ойрхон ханиад хүрдэг... Тэднийг өвдөхөөр эм тариа худалдаж авах нь бидний санхүүд маш том дарамт болдог” гэж тэрээр өгүүлжээ.

Төслийн менежер Сесиль Брой ганцхан агаарын дүүжин тээврийн шугам нь Улаанбаатар хотын олон жилийн турш хуримтлагдсан бүх асуудлыг шийдэх "шидтэй эм" биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ тэрээр: “Олон улсын жишиг загвар нь эхлээд агаарын дүүжин тээврийн системийг барьж, олон нийтэд энэхүү технологийг таниулах, хэрхэн ажилладагийг ойлгуулах, энэ төрлийн тээврийн хэрэгсэлд дасгах явдал байдаг. Мэдээж үүний дараагийн алхам бол хотод илүү олон шугамыг нэмж барих явдал юм” хэмээн төслийн цаашдын алсын харааг тайлбарлалаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19