Монгол Улсын Шадар сайд Нямтайширын Номтойбаяр 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн сайд Айдарбек Сапаровтой уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.
Уулзалтаар талууд Казахстан улсаас түүхий тос нийлүүлэх боломж, тээвэр логистикийн шинэ маршрут хөгжүүлэх болон Монгол Улсад мах боловсруулах үйлдвэр барих талаар голчлон хэлэлцсэн байна. Тэр дундаа Орос, Хятадын газар нутгаар дамжин өнгөрөх тээврийн шинэ, шууд чиглэл бий болгох болон Казахстанаас түүхий газрын тос нийлүүлэх зохицуулалтын асуудалд анхаарал хандууллаа.
Мөн Халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээтэй зах зээлд зориулж, Монгол Улсын баруун бүсэд мах боловсруулах томоохон хэмжээний үйлдвэр байгуулах боломжийг хэлэлцэв. Казахстан улсын талаас хоёр орны худалдааны эргэлт 7.7 хувиар өсөж, 133 сая ам.долларт хүрснийг тэмдэглээд, худалдаа, эдийн засгийн түншлэлийг улам бүр өргөжүүлэх асар их нөөц боломж байгааг онцоллоо.
Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр логистик болон түүхий тосны нийлүүлэлтээс гадна бусад салбарын хамтын ажиллагааны асуудлууд мөн багтсан байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг




