Газрын тос боловсруулах үйлдвэрийн өндөр технологийн хүхэр ялгах реакторыг Испанид үйлдвэрлэж эхэллээ.
Монгол Улсын Газрын тос боловсруулах үйлдвэрийн (ГТБҮ) сүүлчийн буюу дөрөвдүгээр багцын бүтээн байгуулалтын хүрээнд Францын “AXENS” компанийн лицензээр баригдаж буй хүхэр ялгах байгууламжийн гол тоног төхөөрөмж болох “Smart Sulf Reactor”-ын үйлдвэрлэлийн явцтай холбогдох талууд газар дээр нь танилцаж, тээвэрлэлт, угсралтын төлөвлөгөөг нарийвчлан баталлаа.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон төслийн менежментийн зөвлөх Энэтхэгийн “Engineers India Limited” (EIL) компанийн удирдлага, инженерүүд Францын “AXENS” болон Испанийн “INOX TORRES GROUP, S.L” компанийн төлөөллүүдийн хамт уг өндөр бүтээмжтэй реакторын үйлдвэрлэлийг шалгасан байна.
Түүнчлэн манай улсын инженерүүд болон зөвлөх багийнхан Испанийн “Intecsa Industrial S.A.” компани дээр ажиллаж, үйлдвэрийн гол технологийн байгууламжууд болох Гидрокрекинг, Дизелийн гидроцэвэрлэгээ болон Висбрекинг байгууламжуудын нарийвчилсан инженерчлэл, 3D загварчлалын ажлын явцыг хянан, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээг авчээ.
“Smart Sulf Reactor” гэж ямар технологи вэ?
Газрын тос боловсруулах үйлдвэрийн хамгийн чухал бөгөөд байгаль орчинд ээлтэй байдлыг хангадаг хэсэг нь хүхэр ялгах байгууламж юм.
-
Ажиллах зарчим: Түүхий газрын тосыг нэрж боловсруулах явцад ялгардаг хүхэрт устөрөгч (H₂S) зэрэг хорт хийг агаарт цацалгүйгээр барьж авч, химийн урвалаар цэвэр, хатуу хүхэр болгон хувиргадаг өндөр технологийн (high-tech) төхөөрөмжийг “Smart Sulf Reactor” гэдэг.
-
Экологи ба эдийн засгийн ач холбогдол: Францын “AXENS” компанийн энэхүү “SmartSulf” технологи нь түүхий тосноос ялгарах хүхрийн 99.9 хүртэлх хувийг шүүж цэвэрлэх өндөр бүтээмжтэй тул үйлдвэрээс агаар мандалд ялгарах хүхрийн давхар ислийн бохирдлыг бүрэн зогсооно. Үүнээс гадна үйлдвэрлэсэн шатахууныг олон улсын “Евро-5” стандартад хүргэж, дагалдах бүтээгдэхүүн хэлбэрээр цэвэр хүхэр гарган авах боломж бүрдүүлдэг давуу талтай юм.
АДМИН







Эдийн засаг


