МАНАН бүлэглэлийг нураах ард түмний тайван жагсаал /2019.01.10/ Төв талбайд болж, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нарын гишүүдтэй хамт Төрийн ордонд нэвтрэн, УИХ-ын дарга асан М.Энхболдтой уулзаж, уг уулзалт хэвлэлд хаалттай болж байв. Тэгвэл энэ уулзалтын талаарх нэгэн нууцыг Хуульч Б.Гүнбилэг задарч шуугиан тариад байна. Тэрээр "Таван гишүүнтэй хамт Улсын харцага Г.Ганхуяг тэргүүтэй хэсэг хүмүүс ордон руу орсон. Гэтэл тэр хүмүүс нь УИХ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд шууд хутга гаргаад, М.Энхболд руу дайрсан. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй үйлдэл. Дарга руу хүн ухасхийхэд комиссарууд нь шууд бүчиж аваад, дараад унасан. Тэгээд л энэ явдал дарагдаад өнгөрсөн. Тэр хүнийг аваад үлдчихвэл гадаах жагсаал шууд долоодугаар сарын 01-ний өдрийнх шиг үймээн гарахаар байсан тул гаргасан” гэж ярьсан юм. УИХ-ын дарга М.Энхболд руу хутга барьж дайрсан гэх хүн нь Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Даш аж. Тэгвэл өөр рүү халдсан энэ явдлын талаар М.Энхболд фэйсбүүкт ийн пост бичжээ. "Над руу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй. Харин хамгаалалтын албаныхан хутга хураасан гэж надад танилцуулж байсан. Би тэр үед ордны доторх болон гаднах нөхцөл байдлыг сайн мэдэрч байсан тул энэ асуудлыг дэвэргэх шаардлагагүй гэж хэлсэн. Тухайн үед нь иргэд бухимдалтай байна, аргагүй биз ээ, амьдрал сайнгүй байна шүү дээ гэж хэлсэн" хэмээсэн байна.
Нийгэм | 2020-02-18
Сэтгэгдэл бичих