Dark Light
Нийгэм | 2024-01-22

Дорноговь аймагт осолдсон жолооч, зорчигчдыг Улаанбаатар хот руу шилжүүлж эмчлүүлнэ гэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан зургадугаар ээлжийн 25 автобусны хоёр дахь цувааны нэг автобус осолдсон. Ослын улмаас хоёр зорчигч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Уг ослын талаар тодрууллаа. 

Энэ талаарх мэдээллийг Дорноговь аймгийн Цагдаагийн газраас тодрууллаа. Тус цагдаагийн газрын жижүүр н.Бат-Энэрэл ярихдаа “Ослын шалгалтын ажлууд үргэлжилж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс авна уу” гэв.

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр “Цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан зургадугаар ээлжийн 25 автобустай хоёр дахь цувааны нэг автобус 167 дахь км заалтад осолдсон. Урьдчилсан байдлаар Дорноговь аймагт цуваагаар зорчиж байсан долоон номерын автобус, Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас суудлын автомашины хоёр зорчигч амь хохирсон. Тухайн аймгийн цагдаагийн газраас шалтгаан нөхцөлийг тогтоох, бусад шалгалтын ажиллагааг явуулж байна” хэмээн мэдээлэв.

ТУХАЙН АВТОБУС ЗУНЫ ДУГУЙТАЙ БАЙСАН

Энэ талаар тодруулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй холбогдлоо.  

Дорноговь аймгийн Эрээн-Замын-Үүд боомтын чиглэлд ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч Н.Доржсүрэнгийн ярихдаа “Өнгөрсөн бямба гарагт Сайншандаас Замын-Үүд рүү явах замд автобус суудлын автомашинтай мөргөлдөж, осолдсон. Миний дуулснаар автобус нь зуны дугуйтай байсан гэж сонссон. Тэдгээр автобусыг Замын-Үүдийн Авто тээврийн газраас хот руу зохион байгуулж явуулсан гэж дуулсан” гэлээ. 

Замын-Үүд сумд байрлах Авто тээврийн газрын дарга Д.Болор-Эрдэнэтэй холбогдлоо. Тэрбээр "Манайхаас аймаг, хотын чиглэлийг зохицуулан явуулдаг. Тухайн автобусны цувааг Нийслэлийн засаг даргын тамгын газраас хариуцан явуулсан байх. Манайхаас тэр цувааг зохион байгуулж явуулаагүй" гэлээ.

Энэ талаарх мэдээллийг Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэвлэлийн албанаас тодруулахад "Иргэд зуны дугуйтай байсан гэж ярих нь хэр зөв юм бол. Тээврийн цагдаагийн албанаас тодруулах байх" гэв. ТЦА-наас тодруулахад "ЦЕГ-аас мэдээлэл өгнө" гэсэн юм. Эргэн ЦЕГ-аас тодруулахад "Прокурорын зөвшөөрөлгүй нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

Ингээд дахин Дорноговь аймгийн Сайншанд /аймгийн төв/ сумын иргэн Г.Зултай холбогдов. Тэрбээр “Өчигдөр хүмүүс ярихдаа тухайн автобусыг зуны дугуйтай байсан гэсэн. Суудлын автомашинд явсан дөрвөн зорчигч хоорондоо найз, Эрээн рүү гарахаар хотоос ирж явсан юм билээ. Эндэхийн жолоочдын wechat группт хот руу автобус бариулж явах жолооч хайсан тухай зар ерөөсөө яваагүй. Тэгэхээр автобусны жолооч хотоос ирсэн хүн байх. Жолооч нарын яриагаар тухайн мөргүүлсэн жижиг машин ч бас хотынх гэсэн яриа байна лээ. Сайншандаас наашаа ирж явсан болохоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт тухайн осолд орсон хүмүүсийг хэвтүүлэн эмчлүүлж байгаа байх” хэмээсэн юм. 

ОСОЛД ӨРТСӨН ИРГЭДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙНА

Тухайн осолд өртөн эмчлүүлж байгаа иргэдийг эмчилж буй аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй холбогдлоо. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга У.Энхбаяраас тодрууллаа. 

-Хагассайн өдөр гарсан ослын улмаас гэмтэл авсан иргэд танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн. Биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Тэдгээр хүмүүсийн биеийн байдал хүнд байна.

-Ямар эмчилгээнүүд хийгдэж байгаа вэ?

-Шаардлагатай эмчилгээнүүдийг бүгдийг хийж байгаа.

-Тухайн хүмүүс бүгд хотын хүмүүс гэсэн үү?

-Хувь хүний талаарх мэдээллийг өгөх боломжгүй байна. Бид тухайн үйлчлүүлэгчдийг хот руу шилжүүлэхээр ажиллаж байна.

-Шилжүүлэх унаа тэрэг хаанаас гарах вэ. Хотоос ямар нэгэн нэмэлт хүч очих уу?

-Бид өөрсдөө зохицуулаад шилжүүлэхээр ажиллаж байна. Одоогоор өөр мэдээлэл өгөх боломжгүй гэв.

С.ОТГОНБАЯР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19