Dark Light
Нийгэм | 2024-04-08

Галын голомтыг тогтоохоор орсон 4 алба хаагчийн 3 нь гарч ирсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо, Баянхошууны нутаг дэвсгэрт байрлах "Миний" дэлгүүрийн агуулахад гарсан гал түймрийг унтраахаар Нийслэлийн онцгой байдлын анги хэлтсүүд ажиллаж байна. Энэ талаар НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д. Мөнхсайханаас тодрууллаа.

-Нэмэлтээр гал унтраах ангиуд ирсэн байна. Анхны дуудлага хэзээ ирж, нэмэлтээр хэдэн анги дуудагдав?

-Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасаг анхны дуудлагаар гарсан. Замын ачаалал дунд зэрэг байсан. Нийт 8 минут явж, 12:37 цагт анхны анги хүрэлцэн ирсэн. Одоо галыг бүрэн унтраахаар 6 ангийн 26 автомашин, 90 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

-Галын улмаас гэмтсэн бэртсэн, угаартсан хүн бий юу?

-Анх дуудлагаар ирэхэд гал объектод бүхэлдээ тархчихсан байсан. Энэхүү дэлгүүр давхар бүртээ 15 мянган м.кв-тай. 5 давхар объект. Гал бүхэлдээ тархсан. Давхар бүрт шатах материал ихтэй. Галын ачаалал өндөр, маш өндөр температуртай. Одоо ч хүн орох боломжгүй нөхцөл байдалд ажиллаж байна. Галын дуудлага ирэх үед тухайн объектод хүн байгаагүй. Одоогоор мэдэгдсэн зүйл алга. Гал бүрэн унтраагүй байна. Хайгуулын ажиллагаа дуусаагүй байна. Анхны дуудлагаар ирсэн 4 алба хаагч галын голомтыг олж унтраахаар хайгуул хийж орсон. Ингээд 3 хүн нь гарч ирсэн. Мөн ажиллаж байсан 2 алба хаагч хөнгөн бэртэл аваад, эмнэлгийн анхны тусламж авахаар явсан. 

-Алба хаагчдын аюулгүй байдлыг цаашид хэрхэн хамгаалах вэ?

-Гал бол хүний хүчин зүйлээс давсан гамшиг байдаг. Өндөр температурт болдог. Хүн ойртох боломж байдаггүй. Ийм нөхцөлд бид машин техникийн хүчээр галыг унтраахаар ажиллаж байна. Аюулгүй байдлын тал дээр онцгой байдлын алба бүх шатанд анхааран ажиллаж байгаа. Сая ирсэн алба хаагчид хөдөлмөр хамгааллын хувцас болон багтай үйл ажиллагаа явуулж байна. Цаашид ч энэ тал байнга анхаарч ажиллана. 

-Барилга ямар материалаар баригдсан бэ?

-Төмөр бетонон карказтай, В2 давхар нь тоосгон дүүргэлттэй. В1 болон 1 давхар нь хөнгөн блокон дүүргэлттэй. Гадна талаараа хөөсөн дулаалгатай. Дээвэр нь сендвичэн материалаар хийгдсэн барилга байна.

-Дотроо шатах материал их байна гэсэн. Газан төрлийн зүйлүүд байгаа болов уу?

-Дотроо газууд байна. Энэ мэдээллийг ч ажиллаж байсан хүмүүс нь өгсөн. 

-Агуулахад нь хэр их шатах материал байсан бэ?

-Агуулахад хүүхдийн тоглоом, шатах материал бүхий бараа материалууд, битүү бараатай лангуунууд 1-2 давхартаа байна. 

-2 алба хаагч угаартаад эмнэлгийн тусламж авч байна. Гал унтраахад өмсдөг хувцас хэрэглэл нь утаа, угаараас хэр хамгаалдаг юм бол?

-Гал унтраах, галын голомтыг судлах, тархалтыг зогсоохоор орж байгаа алба хаагчид хөдөлмөр хамгааллын хувцастай явж байна. Хөдөлмөр хамгааллын хувцас солонгос, хятад, франц, оросод үйлдвэрлэгдсэн зориулалтын хувцаснууд байгаа.   

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19