Дуучин Ж.Мишээл Казакстан улсад болсон Silkway star тэмцээнд оролцож, ялагч болоод өчигдөр эх орондоо ирлээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-Анх тэмцээнд оролцох санал аваад яаж хүлээж авсан бэ?
-Silkway star тэмцээнд оролцох саналыг 8 сарын дундуур тавьсан. Миний хувьд олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцох чин хүсэлтэй, ийм санал орж ирэхийг, боломж гарахыг их хүлээж байсан. Ямар нэгэн эргэлзээ байхгүй шууд зөвшөөрөөд явсан.
-Олон улсын өрсөлдөгч нар хэр байв?
-11 орны оролцогчид маань бүгд маш чадварлаг, мундаг дуучид байсан, тэднээс маш их зүйл суралцсан. Миний хувьд хэнтэй нь ч өрсөлдөөгүй, цагаа тулхаар хүн өөрөө өөртэйгөө л өрсөлдөх шаардлагатай нүүр тулдаг юм байна лээ.
-Малайзын дуучны бичлэг их хүнд хүрсэн байсан. Энэ талаар?
-Нэг шат дээр бид өөрсдийн орны хэл дээрх дуунуудаа сольж дуулах байсан. Бүгд нэг нэг улс сонгоод, надад Хятад үлдсэн байсан. Дуугаа сонгоод дуулсан. Бид тэр бүр уулзаад байх цаг гардаггүй, монголыг хэн сонгосон бол гээд нэг тааралдахдаа асуутал Малайзын дуучин сонгосон байсан. Ямар дуу сонгосон гээд асуусан чинь Баярцэнгэлийн дууг сонгосон байсан. Бид бие биеийнхээ сонголтод нөлөөлж болохгүй учраас, туслуулах юм байвал хэлээрэй, туслахад бэлэн гээд хэлж байсан. Яах аргагүй манай монгол хэл амар биш, уран яруу онцлогтой хэл, тэр бүр хүмүүс дуулахад амар биш байх. Гэхдээ тэр дууг маш гоё өөрчлөөд, жанрыг нь уянгын болгоод маш гоё дуулсан гэж бодож байгаа. Би дуулсных нь дараа найз нь нэг ч үг ойлгосонгүй гэж хэлсэн чинь аймар санаа нь зовсон. Монгол хэл бол үнэхээр хэцүү хэл юм байна, энэ дуу үнэхээр гоё байсан. Youtube-ээс харж байгаад хамгийн олон үзэлттэй дуунуудаас харж байгаад сонгосон, дуулахад хэл нь үнэхээр хэцүү байсан гэсэн.
-Финалын шат хэр байв, хэцүү байсан уу. Бэлтгэлээ хэр хангасан байсан бэ?
-Финал дээр маш догдлолтой байсан. Сар гаран бэлдэж оролцсон. Үзүүлбэрээ бэлдсэнээрээ үзүүлэхэд миний хувьд хангалттай зүйл гэж тухайн үедээ бодож байсан.
-Хүмүүс хэр дэмжиж байсан бэ?
-Маш олон хүмүүс холбогдоод очиж уулзах гэсэн юм, өөрт чинь гараараа бууз чимхээд аваачиж өгөх гэсэн юм гээд тэнд байсан Казахууд маань үнэхээр гоё найрсаг, байгаа бүхнээрээ дэмжихийг хичээдэг хүмүүс байсан. Халуунаар нь бууз чимхэж ирээд, яаж туслах уу, орчуулагч хэрэгтэй байна уу, ийш тийшээ хүргүүлэх үү гээд л бүр санаа зовтол дэмжсэн. Үнэхээр гайхалтай халуун сэтгэлтэй хүмүүс байсан. Тэр хүмүүс бид Монголд төрсөн, төрсөн нутаг, монгол хэлээ мартахгүй гээд хоорондоо монголоор их ярьдаг, хүүхдүүддээ зааж өгдөг гэсэн. Үнэхээр эх орондоо элэгтэй, ярьсныг нь сонсохоор надад гоё санагдаж байсан. Казакстанд 20,30 жил амьдарсан хүмүүс гэхэд ямар ч аялга байхгүй маш цэвэрхэн ярьж байсан. Намайг ялахад манай нутгийн охин яллаа гээд гоё хүлээж авч байлаа.
-Шагнал авсан мөчөөсөө хуваалцвал?
-Финалын шатанд үлдсэн хоёр охиноо үнэхээр дэмжиж, ялагч болох болов уу гэж бодож байсан. Шагналыг гардуулж өгсөн дэлхийн од Димаш, ялагчийг Монгол гэж зарлахад үнэхээр итгэж чадаагүй. Нэрээ сонсоод шокт ороод, яаж тайзан дээр очиж шагнал авснаа ч санадаггүй. Маш их баярласан.
-Цаашдаа төлөвлөсөн зүйлс байгаа юу?
-Хийсэн, гаргаагүй бэлэн болсон дуунууд маш их байгаа. Түүнээс гадна энэ тэмцээндээ, казакстаны ард түмэндээ, монголын казахууддаа зориулаад казах хэл дээр дуунууд хийе гэж бодож байгаа. Эхний дуугаа бичүүлээд клипээ хийгээд хүрээд ирсэн.
-Анх урлагийн зам руу яаж орсон юм бэ?
-Би сэтгэл зүйч мэргэжилтэй. Тархи мэдрэлийн эмчээр ажиллах мөрөөдөлтэй охин байсан. Сэтгэл зүйчээрээ төгсөөд байж байтал ковид гараад бодож байсан төлөвлөгөө маань жоохон сарнисан. 2016 онд UBS телевизийн My Voice гэх тэмцээнд оролцож байсан. Энэхүү тэмцээн миний авьяасыг нээж, том шат болж өгсөн. Түүнээс хойш дуулах боломжууд нээгдсэн. Энэ боломжуудыг залуу насан дээрээ хэрэгжүүлэх бодол тээгээд ковидын дараа уртын дууны мэргэжлээр СУИС-д суралцаад төгссөн.
-Тэнд байх хугацаандаа Казак хэл сурсан уу?
-Манай 10 жилд казах хүүхдүүд байдаг байсан. Хэлийг нь тухайн үед ойлгохгүй байсан, орчинд нь очсон чинь үнэхээр уянгалаг, уран, зөөлөн гоё хэл байна лээ. Яг ч хэлийг нь сураагүй, ойр зуурын мэндлэх, ярилцах хэмжээний цөөхөн үгнүүд сурсан. Казах хэл дээр дуу хийсэн болохоор, өөрийнхөө дууны үгнүүдийг орчуулаад, үгнүүд сурсан. Цаашдаа боломж байвал казах хэл дээр ойр зуурын үг суръя гэж бодож байгаа.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм








