Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах тухай яриа шинэ биш. Харин хэрэгжилт нь хуучин хэвээрээ. Бид өнөөдөр оргил ачааллын үед хөршөөсөө өндөр үнээр цахилгаан импортолдог. Тоо нь 300 МВт. Гэхдээ асуудал энэ тоондоо биш. Гол нь бид системийнхээ “тархийг” ч гадаадад даатгасан хэвээр байна. Горим тохируулга, тэнцвэржүүлэлт, найдвартай ажиллагаа эдгээрийн зангилаа нь бидний гарт биш.
Эндээс нэг энгийн дүгнэлт гарна: эрчим хүчний тусгаар тогтнол гэдэг нь станц барих тухай бус, системээ өөрөө удирдах чадварын тухай ойлголт юм.
Сэргээгдэх эрчим хүчийг бид аврал мэт ярьдаг. Нар, салхи хангалттай. Газрын зураг дээр харахад л Монголын ихэнх нутаг нарны асар их нөөцтэй. Салхины ч нөөц багагүй. Гэвч ганц үнэнийг бид санаатай мартаж ирсэн сэргээгдэх эх үүсвэр өөрөө тогтворгүй. Нар шөнө ажиллахгүй, салхи захиалгаар үлээхгүй. Тиймээс “ногоон” гэдэг гоё үг дангаараа системийг авч явдаггүй.
Шийдэл нь энгийн атлаа үнэтэй хуримтлуур. Усан цэнэгт станц, батарей хуримтлуур, маневрлах чадвартай эх үүсвэрүүд. Өөрөөр хэлбэл, эрчим хүчийг зөвхөн үйлдвэрлэх биш, хадгалах, удирдах чадвар хэрэгтэй. Үүнийг хийж байж л сэргээгдэх эрчим хүч бодит утгаараа “ашигтай” болно.
Монголын газар нутаг уудам. Үүнийг бид давуу тал гэж ярьдаг ч бодит байдал дээр сул тал болж хувирдаг. Аймаг, сум бүрийг төвийн сүлжээнд холбох гэж зүтгэх нь эдийн засгийн утгагүй шийдэл. Стандартаар 110 кВ шугамыг 50 км орчим татах ёстой байтал манайд бараг 1000 км сунгасан жишээ бий. Үр дүн нь тодорхой—алдагдал, муу чанар, найдваргүй байдал.
Тиймээс алслагдсан сумд төвийн сүлжээнээс “салж”, бие даасан системтэй болох нь илүү ухаалаг сонголт. Нэг суманд 1.5 МВт-ын нарны станц, дээр нь 20-30 хувийн хүчин чадалтай хуримтлуур байхад хангалттай. Өртөг нь 10-12 тэрбум төгрөг. Энэ бол улсын төсөвт дарамт болохоор том тоо биш, харин бодлого байхгүйгээс том асуудал болж харагддаг дүн.
Гэхдээ Монголын асуудал мөнгөтэй холбоотой биш. Дүрэм журамтай холбоотой. Илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлээд зах зээлийн үнээр борлуулах боломж байхгүй. Тоног төхөөрөмжийн татварын бодлого ойлгомжгүй. Зөвшөөрөл авах процесс удаан. Ингэж байхад хэн хөрөнгө оруулах вэ?
Хувийн хэвшил оролцох сонирхол бий. Гэхдээ төр бодлогоороо саад хийдэг. Хуримтлуур станц барих шаардлага тавьчихаад өөрөө тэр дэд бүтцийг нь шийддэггүй. Үр дүнд нь төслүүд гацдаг. Хэрвээ төр томоохон хуримтлуурын дэд бүтцийг босгочихвол хувийн компаниуд хоорондоо өрсөлдөж, хамгийн хямд, үр ашигтай эрчим хүчийг нийлүүлэх боломж бүрдэнэ.
Гадаадын туршлага ч үүнийг харуулж байна. Ганц нэг айл, компани биш, хоршоо, нэгдэл болж станц барих нь илүү үр ашигтай. Эрчим хүч бол ганцаардах салбар биш, хамтрах салбар.
Эцэст нь, энэ бүхний үр өгөөж юу вэ? Хариулт нь маш энгийн. Утаагүй сум. Найдвартай цахилгаан. Шатдаггүй тоног төхөөрөмж. Тогтвортой үйлдвэрлэл. Өөрөөр хэлбэл, хөгжил.
Монгол Улс эрчим хүчний дутагдалд орсон улс биш. Харин бодлогын дутагдалд орсон улс. Бидэнд нар байна, салхи байна, боломж байна. Байхгүй нь шийдвэр.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм




