Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг шинэчлэн баталлаа.
Байгалийн нөөц ашигласны төлбөр буюу БНАТ-ын орлого нь тухайн орон нутагт төвлөрч, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулагдах ёстой. Гэвч одоо мөрдөж буй журмын хэрэгжилтийн явцад төсвийн төлөвлөлтийн цагалбар, байгууллага хоорондын мэдээллийн урсгал, орон нутгийн төсөв батлах шатны шийдвэр гаргалттай бүрэн нийцэхгүйгээс шалтгаалан байгаль хамгаалалд зарцуулах эх үүсвэр төсөвт бүрэн тусахгүй байх эрсдэл үүсэж ирсэн байна.
Тухайлбал, 2025 онд БНАТ-ын орлого 300.1 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 286.4 тэрбум төгрөг төвлөрч, орлогын гүйцэтгэл 95.4 хувьтай гарсан. Харин байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд 93.0 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай байсан боловч 59.2 тэрбум төгрөгөөр батлагдаж, бодит гүйцэтгэл 42.0 тэрбум төгрөг буюу хуулийн хэрэгжилт 45 хувьтай байна.
Шинэчилсэн журмаар БНАТ-ын орлого, түүнээс санхүүжүүлэх байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, хяналтын арга хэмжээний төлөвлөлт, зарцуулалт, тайлагнал, хяналтыг цахим мэдээллийн сангаар дамжуулан хэрэгжүүлэхээр тусгалаа. Ингэснээр цаасан суурьтай, олон шат дамжлагатай, мэдээллийн хоцрогдол үүсгэдэг ажиллагааг цахим, ил тод, хянах боломжтой болох юм.
Мөн БНАТ-ын төлөвлөлтийг төсвийн үндсэн цагалбарт нийцүүлж, сум, дүүргийн түвшинд 2 дугаар сарын 1-ний дотор, аймаг, нийслэлийн түвшинд 3 дугаар сарын 1-ний дотор, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 4 дүгээр сарын 1-ний дотор тус тус баталгаажуулах зохицуулалт туссан. Улмаар аймаг, нийслэлийн ИТХ байгалийн нөөц ашиглалтын дээд хэмжээг 5 дугаар сарын 1-ний дотор тогтоож, орлого, зарлагын тооцоог 7 дугаар сарын 20-ны дотор Сангийн яаманд хүргүүлэхээр болсон нь байгаль хамгааллын зардлыг орон нутгийн төсөвт хугацаанд нь тусгах нөхцөлийг бүрдүүлж байна.
Шинэ журмаар БНАТ-ын орлогыг байгалийн ургамал, зэрлэг амьтан, ой, ус, тусгай хамгаалалттай газар нутаг, газрын доройтол, цөлжилт, хот суурин газрын ногоон, цэнхэр байгууламж, байгаль орчны хяналт, мониторинг, иргэдийн оролцоо, идэвхтэн байгаль хамгаалагчийн урамшуулал зэрэг нийт 14 чиглэлийн байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн арга хэмжээнд зарцуулах боломжийг тодорхой болголоо.
Ингэснээр БНАТ-ын орлого тухайн сард төвлөрсөн эсэхээс шууд хамаарч байгаль хамгааллын ажил тасалдахгүй, батлагдсан төсвийг тухайн шатны төсвийн нийт орлого, мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй уялдуулан сар бүр хуваарилах боломж бүрдэнэ. Энэ нь улирлын шинжтэй орлого төвлөрдөг орон нутагт байгаль хамгааллын ажлыг тасралтгүй хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.
Шинэчилсэн журам нь БНАТ-ын орлогыг байгаль хамгаалалд бодитоор зарцуулах, төлөвлөлт, тайлагнал, хяналтыг сайжруулах, орон нутгийн байгаль орчны тулгамдсан асуудлыг илүү уян хатан, үр дүнтэй санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж байна.
АДМИН







Нийгэм






