Жил бүрийн 7–10 дугаар сар, ялангуяа 8–9 дүгээр сард тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгддэг. Энэ үед тарвага агнах, төхөөрөх, тээвэрлэх, мах, дотор эрхтнийг нь боловсруулах зэрэг хүний үйл ажиллагаа ихэсдэг тул халдвар авах эрсдэл өндөр байдаг.
Тарваган тахал нь Yersinia pestis нянгаар үүсгэгддэг, мэрэгч амьтад болон тэдгээрийн бөөс, бүүргээр дамжин хүнд халдварладаг аюултай зоонозын халдварт өвчин юм. Мөн өвчилсөн тарваганы цус, эд эрхтэнтэй шууд харьцах, махыг дутуу болгож хэрэглэх үед ч халдвар авах эрсдэлтэй. Хэрэв уушгины хэлбэрээр өвчилсөн хүнтэй ойр хавьтал болсон бол хүнээс хүнд агаар дуслын замаар халдварлах боломжтой.
Монгол Улс тарваган тахлын байгалийн голомттой орны нэг бөгөөд 17 аймгийн 137 сум эрсдэлт бүсэд хамаардаг. Иймээс эрсдэлт бүсэд зорчих, тарвага агнах, хэрэглэхээс татгалзаж, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөх нь өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм.
Урьдчилан сэргийлэх зөвлөмж
- Тарвага болон бусад зэрлэг мэрэгч амьтдыг агнах, барих, төхөөрөхгүй байх.
- Тарваганы мах, дотор эрхтэн, арьс ширтэй хамгаалах хэрэгсэлгүй харьцахгүй байх.
- Тарваганы махыг худалдан авах, хэрэглэхгүй байх.
- Үхсэн болон өвчилсөн байж болзошгүй зэрлэг амьтанд хүрэхгүй, холбогдох байгууллагад мэдээлэх.
- Эрсдэлт бүсэд зорчихдоо бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлж, хамгаалах хувцас, шавж үргээгч хэрэглэх.
- Гэнэт өндөр халуурах, тунгалгийн булчирхай томрох, ханиалгах, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандаж, тарвагатай харьцсан эсэхээ эмчид заавал мэдэгдэх.
Тарваган тахлаас сэргийлэх хамгийн найдвартай арга бол тарвага агнахгүй, хэрэглэхгүй, эрсдэлт зан үйлээс татгалзах юм.
АДМИН







Нийгэм






