Фото зургийг | REUTERS
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт баавгай хүн рүү дайрч, нэг хүний амь насыг хохироон, нэг хүнийг хүнд бэртээсэн харамсалтай хэрэг гарчээ. Сингапурын The Straits Times аравдугаар сарын 8-ны өдөр мэдээлснээр, 2026 он гарсаар Монгол Улсын хэмжээнд баавгай суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол огцом нэмэгдсэн байна гэлээ.
Мөн уг хэвлэлд дурдсанаар аравдугаар сарын 7-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, нийслэлийн алслагдсан бүсэд байх гэртээ байсан 40 орчим насны эрэгтэй, 50 орчим насны эмэгтэй рүү баавгай халдсан болохыг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Мөнхбаяр хэвлэлийн хурлын үеэр албан ёсоор мэдэгдэв. Халдлагын улмаас эрэгтэй нь газар дээрээ амь үрэгдсэн бөгөөд бэртэж зугтаж чадсан эмэгтэй хөршүүдээсээ тусламж хүссэнээр одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Одоогийн байдлаар байгаль хамгаалагчдын 35 хүний бүрэлдэхүүнтэй баг тухайн баавгайн байршлыг тогтоож, устгахаар ажиллаж байгаа хэмээн бичжээ.
Албаны хүний мэдээлснээр, 2026 онд Улаанбаатар хотод баавгай харагдсан 24 тохиолдол батлагдсан нь 2018 онд хоёр, 2019 онд ердөө ганц тохиолдол бүртгэгдэж байсантай харьцуулахад асар өндөр үзүүлэлт юм. Улсын хэмжээнд 11 аймаг болон нийслэл хотыг оролцуулаад нийт 754 удаа баавгай харагдсан гэж тэмдэглэгдсэн бөгөөд үүний 80 хувь нь бавгайн баавгай эсвэл бамбарууштай эм баавгайнууд байжээ. БОАЖЯ-ны мэргэжилтэн Н.Балжиннямын мэдээлснээр, Хэнтий аймагт баригдсан нэгэн баавгайн ходоодыг шалгахад ямар ч хоол тэжээлгүй байсан нь уул хаданд идэш тэжээл хомсдсоныг илтгэж байна. Үүнтэй холбогдуулан эрх баригчид өнгөрсөн есдүгээр сард ойгоос самар, жимсгэнэ түүхийг бүрэн хориглосон бөгөөд орон нутгийн байгаль хамгаалагчдад зориулж унтуулагчтай буу худалдан авахаар бэлтгэж эхэлсэн хэмээн Сингапурын хэвлэл онцлов.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




