Dark Light
Гадаад | 2026-11-25

ТРАМПЫН ЗАХИРГАА ИРАНЫ ДЭЭД УДИРДАГЧДЫГ УСТГАХ ХУВИЛБАРЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Дональд Трампын засаг захиргаа одоо үргэлжилж буй дайныг дуусгаж магадгүй хэмээн зарим албаныхны үзэж буй цохилтын хүрээнд Ираны дэглэмийн өндөр албан тушаалтнуудыг бай болгох асуудлыг дотооддоо дахин хэлэлцэж эхэлсэн тухай хэвлэлүүд мэдээллээ.

Мягмар гарагт NBC News суваг АНУ-ын нэгэн албан тушаалтан болон өөр нэг эх сурвалжаас эш татан мэдээлснээр, дээд албан тушаалтнуудыг устгаснаар Вашингтон тус дэглэмийн удирдлагыг хэдийд ч илрүүлж, цохилт өгөх чадвартай гэдгийг харуулж, улмаар Тегераныг мөргөлдөөнийг зогсооход шахалт үзүүлж чадна гэж зарим албаныхан үзэж байна.

Энэхүү хувилбарыг эртнээс авч үзэж байсан ч Ерөнхийлөгч Дональд Трамп дайны дараагийн үе шатны талаар тунгаан бодож байгаа энэ үед “сүүлийн долоо хоногуудад дахин хэлэлцэж эхэлсэн” тухай хоёр эх сурвалж тус хэвлэлд ярьжээ.

Уг хэлэлцүүлэг нь Иран цацраг идэвхт “бохир бөмбөг” бүтээж байж болзошгүй гэх мэдээлэл болон Вашингтон дахь өндөр албан тушаалтнуудын эсрэг химийн зэвсэг ашиглах Ираны хуйвалдааны талаарх АНУ-ын тагнуулын үнэлгээнээс эш татсан тайлан гарсантай зэрэгцэн өрнөж байна.

Трамп 11-р сарын 20-нд Цагаан ордонд сэтгүүлчдэд хандан “Иранд юу болж байгаа талаар бид маш их зүйлийг мэдэж байгаа. Тэдний юу ярьж байгаа бүхнийг бид мэднэ. Тэднийг хэн болохыг, хаана байгааг ч бид мэднэ. Бид үүнийг олж тогтоох болно. Бид үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэж байсан юм.

Ираны амьд үлдсэн удирдлагуудын дунд 2-р сарын 28-ны дайны эхний цохилтоор амь үрэгдсэн эцэг Аятолла Али Хаменеигийнхаа орыг залгамжилсан шинэ дээд удирдагч Можтаба Хаменеи багтаж байна.

Ираны цэрэг, үндэсний аюулгүй байдлын аппаратын бусад өндөр албан тушаалтнуудад Исламын хувьсгалт гвардийн корпусын (IRGC) командлагч Ахмад Вахиди, зэвсэгт хүчний жанжин штабын дарга Али Абдоллахи, армийн командлагч Амир Хатами болон 2026 оны 8-р сард Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдсон гэх IRGC-ийн ерөнхий командлагч асан Мохсен Резаи нар багтдаг.

Гэхдээ NBC News суваг хэлэлцэгдэж буй ажиллагааны тодорхой бай болсон дээрх албан тушаалтнуудын хэнийг нь ч нэрлээгүй байна.

Энэхүү саналыг эсэргүүцэж буй засаг захиргааны албаныхан Ираны удирдагчдыг бай болгох нь Америкийн албан тушаалтнуудыг хариу халдлагад өртөх эрсдэлд оруулж, амьд үлдсэн дэглэмийн удирдлагуудын эсэргүүцлийг улам хурцатган, одоо ес дэх сардаа үргэлжилж буй мөргөлдөөнийг дуусгах ирээдүйн дипломат хүчин чармайлтыг сулруулна хэмээн анхааруулжээ.

Засаг захиргаа цэргийн хувилбаруудыг үргэлжлүүлэн дэнсэлж, тэнгисийн бүслэлтээ хэрэгжүүлэн, стратегийн онцгой ач холбогдолтой Ормузын хоолойд хяналтаа тогтоосон хэвээр байна.

Энэхүү маргаан нь АНУ, Израилийн цохилтоор Ираны дээд удирдагч болон цэрэг, тагнуулын бусад өндөр албан тушаалтнууд амь үрэгдэж, Тегераны цөмийн хөтөлбөр, баллистик пуужингийн хүчин чадал, бүс нутгийн цэргийн үйл ажиллагаатай холбоотой сунжирсан мөргөлдөөн эхэлснээс хойш хэдэн сарын дараа өрнөж байгаа юм.

Эцгийгээ хөнөөсөн цохилтын үеэр шархадсан гэх Можтаба Хаменеи засгийн эрхэнд гарснаасаа хойш олон нийтийн өмнө хараахан ил гараагүй байгаа ч Вашингтон болон Иерусалимд хандан Ираны удирдлагын эсрэг томоохон халдлагаа дахин эхлүүлэхгүй байхыг анхааруулсан билээ.

Хамэнеигийн нэрийн өмнөөс гаргасан мэдэгдэлд “Хэрэв дайснууд дахин цэргийн болон террорист халдлага үйлдвэл түүнийг дуусгах хугацаа, нөхцөлийг Исламын Бүгд Найрамдах Улсын зэвсэгт хүчин болон Ираны ард түмэн тодорхойлох болно” гэжээ.

Энэхүү анхааруулгыг Абдоллахи, Хатами, Вахиди зэрэг Ираны цэргийн дээд командлагчидтай хийсэн уулзалтын дараа гаргасан байна. Мөн 10-р сарын 31-нд Хаменеи Ираны зэвсэгт хүчинд ирээдүйн аливаа аюул заналхийлэлд “нэн даруй, хүчтэй бөгөөд газарзүйн хязгаарлалтгүй хариу арга хэмжээ” авахад бэлэн байхыг үүрэг болгожээ.

Цагаан ордны нэгэн албан тушаалтан Мягмар гарагт Fox News Digital-д өгсөн ярилцлагадаа “АНУ Ормузын хоолойг хяналтдаа авч, Ираны эдийн засаг сүйрч байгаа тул маш хүчирхэг байр суурьтай байна” гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн “Түүхэн дэх хамгийн том тэнгисийн бүслэлт, 'Эдийн засгийн гадуурхалт' ажиллагаа болон шинэ 'Төмөр хаалга' тусгай хүчний ажиллагаа бүрэн хүчээрээ үргэлжилнэ гэдгийг Ерөнхийлөгч тодорхой хэлсэн. Ерөнхийлөгч Трампын мэдэлд олон хувилбар байгаа бөгөөд Ираныг хэзээ ч цөмийн зэвсэгтэй болгохгүй байх хамгийн зөв шийдвэрийг гаргах болно” хэмээн нэмж хэлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08