Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө 2026 оны 11 дүгээр сарын 24-нд АНУ-ын Сиэтл хотноо албан ёсоор хүлээн авлаа.
АНУ-ын агаарын хөлгийн тэргүүлэгч “Боинг” компанийн салбар төвд зохион байгуулагдсан “Шинэ агаарын хөлгийн тууз хайчлах ёслол”-д Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр тэргүүтэй иргэний нисэхийн салбарын удирдлагууд, холбогдох албаныхан оролцсон байна. Мөн АНУ-ын “Боинг” компанийн Арилжааны агаарын хөлгийн нэгжийн Зүүн хойд Ази хариуцсан дэд ерөнхийлөгч Жефф Эдвардс нар байлцжээ.
Ёслолын үеэр “МИАТ” ТӨХК болон “Боинг” компанийг төлөөлж “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн, “Боинг” компанийн дэд ерөнхийлөгч Жефф Эдвардс нар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
“МИАТ” компани 2026 онд хүлээн авч буй энэхүү шинэ хөлгөө Их Эзэн Богд Чингис хааны гуравдугаар хүү бөгөөд Монголын эзэнт гүрний хоёр дахь их хааны нэрээр “Өгөөдэй хаан” хэмээн нэрлэжээ. Энэхүү шинэ агаарын хөлөг нь “МИАТ” ТӨХК-ийн хоёр дахь “Boeing 737 MAX 8” загварын онгоц бөгөөд тус компани нислэгийнхээ сүлжээг өргөжүүлэх, зорчигчдын тав тухыг бүрдүүлэх, түлшний хэмнэлт, эдийн засгийн үр өгөөжийг харгалзан уг загварыг сонгосон байна. Тухайлбал, ойрын болон дунд зайн нислэгт тохиромжтой энэхүү шинэ хөлгийг Бээжин, Сөүл, Токио болон Тайланд зэрэг чиглэлд ашиглахаар төлөвлөж байгаа юм.
Арга хэмжээний үеэр “Боинг” компанийн Дэлхийн борлуулалт, маркетинг хариуцсан Дэд ерөнхийлөгч Брэд МакМаллен (Brad McMullen) хэлэхдээ “МИАТ”-ийн 70 жилийн ойн үеэр шинэ хөлөг хүлээлгэн өгч буй нь тус компанийн парк шинэчлэлийн хувьд чухал алхам болж байгааг онцоллоо. Тэрбээр бүс нутгийн агаарын тээврийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй энэ үед энэхүү шинэ хөлөг “МИАТ”-ийн зорчигч тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, нислэгийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэжээ.
Түүнчлэн шинэ хөлгийг “МИАТ” компанид нийлүүлэхэд хамтран ажилласан “DAE” компанийн хамт олонд талархал илэрхийлээд, цаашид МИАТ-ийн АНУ-ын чиглэлд алсын зайн нислэг үйлдэх зорилтыг “Боинг” компани дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг



