Dark Light
Нийгэм | 2026-11-24

ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ЛАМ ХУВРАГУУДЫГ БНСУ-ЫН ЖОГЁ УРСГАЛЫН ТЭРГҮҮН ЖИНВҮҮ ЛАМТАН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Гандантэгчэнлин хийд

Монголын Бурханы Шашинтны Төв — Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Дуламрагчаагийн Жавзандорж тэргүүтэй лам хуврагуудын Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан айлчлалын хүрээнд 11 дүгээр сарын 23-ны өдөр Солонгосын Бурханы шашны уламжлалт тэргүүлэх урсгал болох Жогё урсгалын тэргүүн, Эрхэмсэг Жинвүү ламтан хүлээн авч уулзан, хоёр орны Бурханы шашны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцав.

Уулзалтын үеэр МБШТ– Гандантэгчэнлин хийдийн зүгээс БНСУ-д ажиллаж, амьдарч буй 60 мянга орчим монгол иргэнд зориулан Монголын уламжлалт Бурханы шашин, үндэсний соёл, зан заншил, түүхэн өв уламжлалаа танин мэдэх, хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилго бүхий шашин, соёлын төвийг хамтран байгуулах саналыг дэвшүүлж, уг санаачилгыг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Энэхүү санаачилга нь тус улсад оршин суугаа монгол иргэд, ялангуяа хүүхэд, залуучуудад эх хэл, үндэсний өв соёл, уламжлалт шашин шүтлэг, ёс заншлаа танин мэдэх, Бурханы шашны энэрэл нигүүлсэл, ёс суртахууны үнэт зүйлсээс суралцах боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Уг уулзалтад Монголын талаас МБШТ– Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, хамба номун хан, лхаарамба Дугаррагчаагийн Жавзандорж, Гадаад харилцаа хариуцсан тэргүүлэгч Магсаржавын Ганхуяг, тэргүүлэгч. Дэндэвийн Нямсамбуу тэргүүтэй лам хуврагууд, Солонгосын талаас Жогё урсгалын ерөнхийлөгч Жинса Жинвүү ламтан, Жогё урсгалын Гадаад харилцаа, нийгмийн халамжийн албаны дарга Чингён ламтан, Пуинса хийдийн хамба лам Согсан ламтан нар оролцов.

Жогё урсгал (Солонгосын Бурханы шашны Жогё бүлгэм) нь Өмнөд Солонгосын уламжлалт Бурханы шашны хамгийн том, тэргүүлэх урсгал бөгөөд Зэн (Солонгосоор Сон) буддизмын гүн ухаан, бясалгалын уламжлалыг тээгч гол төв юм.
 
Уг урсгалын эхлэл нь МЭ IX зууны Нэгдсэн Шилла улсын үед хамаардаг бөгөөд Хятадаас Сон буддизмыг анх Солонгост залж авчирсан улсын их багш Доуи-г үндэслэгч хэмээн үздэг. Хожим нь Горёо гүрний үед Божо Жинүл болон Тэгү Боу зэрэг их багш нар тухайн үеийн урсгалуудыг нэгтгэн цэгцэлж, онол ба бясалгалын уламжлалыг батжуулжээ. Жосон гүрний үеийн хавчлага болон Японы колоничлолын үеийн соёлын дарамтын дараа уламжлалт гэрлэдэггүй хуврагийн ёсыг сэргээх хөдөлгөөн өрнөж, улмаар 1962 онд өнөөгийн албан ёсны бүтэц, зохион байгуулалттайгаар байгуулагдсан түүхтэй.
Номлолын хувьд Жогё урсгал нь Их хөлгөний (Махаяана) уламжлалд хамаарах ба Очир огтлогч судрыг үндсэн гол судраа болгон дээдэлдэг. Бясалгалын хувьд Ганхвасон буюу багшийн өгсөн гүн ухааны оньсого, асуултыг (хвадү) оюун ухаанаараа тасралтгүй тунгаан бодох замаар гэгээрэлд хүрэх Зэн бясалгалын аргыг голчилдог. Мөн уг урсгалын лам хуврагууд нь эртний уламжлалт ёсны дагуу гэр бүл зохиодоггүй, хатуу сахил санваар сахидаг онцлогтой.
 
Өнөөгийн байдлаар төв захиргаа нь Сөүл хотын төвд орших Жогёса хийдэд байрладаг бөгөөд улсын хэмжээнд 25 томоохон бүсийн хийд, нийт 1,900 гаруй сүм хийд, 13,000 орчим лам хувраг, сая сая сүсэгтэн олныг эгнээндээ нэгтгэдэг. Тэд шашны зан үйлээс гадна боловсрол, нийгмийн халамжийн байгууллагууд ажиллуулж, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн эртний сүм хийдүүдийг хамгаалан хадгалдаг ба дэлхий нийтэд Солонгосын буддын соёлыг таниулах зорилготой Templestay хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08