“Энэ онд 643 эмэгтэй сураггүй алга болсон” гэж бүрэн тайлбаргүй, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн байна. ЦЕГ-ын мэдээлснээр 600 орчим хүний 590 орчим нь иргэний хэрэгт хариуцагчаар эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс байна. Алга болсон иргэнийг цагдаагийн байгууллага 24-72 цагийн дотор илрүүлдэг бөгөөд эрэн сурвалжлах ажлын гүйцэтгэл 98.8%-тай байгаа аж.
2026 оны 11 дүгээр сарын 15-нд Threads платформ дахь Batdorj tamir нэртэй хаягаас “Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлд энэ онд 643 эмэгтэй сураггүй алга болсон байна” гэх пост түгээж, зураг хавсаргажээ. Уг постыг 201 реакц, 57 сэтгэгдлээр идэвхжүүлж, 10 удаа дахин нийтэлж, 211 удаа цааш түгээсэн байна.
Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google lens хэрэглүүрээр шалгахад ТВ-9 Монгол хуудаснаас 2026 оны 11 дүгээр сарын 14-нд түгээсэн бичлэг илэрлээ. Уг бичлэгт “Монгол улсын хэмжээнд цагдаагийн эрэн сурвалжлах сангийн бүртгэлд нийтдээ сураггүй алга болсон иргэдээс эмэгтэйчүүдийг нь ялгаж харвал нийт 643 эмэгтэй байна. Цагдаагийн ерөнхий газраас жилдээ 2755, сард 230, 7 хоногт 53, өдөрт 7-8 хүн оршин суугаа газраасаа алга болсон тоо баримт байдаг гэх мэдээлэл өгсөн. Дийлэнхдээ эдгээр хүмүүсийг цагдаагийн ерөнхий газраас эрэн сурвалжилж, байршлыг нь тогтоон 24-72 цагийн хугацаанд олж тогтоодог байна“ гэж тайлбарласан.
Уг мэдээнд ашигласан ярилцлага нь 2026 оны 11 дүгээр сарын 11-нд ЦЕГ-аас хийсэн мэдээллээс авсан байна. Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл сэтгүүлчийн асуултад хариулахдаа, “Иргэдээс сураггүй алга болсон дуудлага мэдээлэл авсан даруйдаа цагдаагийн алба хаагч мэдээллийн сандаа бүртгэдэг. Үүнийг улс даяар цагдаагийн бүх албан хаагч харж, эрэн сурвалжлах ажилдаа ашигладаг. Эрэн сурвалжлах ажлын гүйцэтгэл 98.8 хувьтай” гэжээ. Мөн тэрээр ТВ9 хуудасны мэдээнд дурдсанчлан жил, сар өдрийн эрэн суралжлуулсан иргэдийн тоог хэлсэн бөгөөд 24-72 цагийн дотор олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэж өгдгийг дурджээ.
2026 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр ЦЕГ-ын Эүүгийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэрийн хийсэн мэдээлэлд:
-
“Цагдаагийн police.gov.mn сайт дээр “эрэн сурвалжлагдаж байгаа” гээд нэг л төлөвөөр олон нийтэд харагддаг. Үүнийг дотор нь задалбал оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн, тэнсэх, албадлагын арга хэмжээ аваад, түүнийгээ биелүүлэхгүй байгаа хүн гэх мэт шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой, мөн иргэний хэргийн хариуцагчаар татагдсан хүмүүс хамт байдаг. Шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлах тогтоол, захирамж нь гарсан, иргэний журмаар хариуцагчаар явж байгаа хүмүүс мөн энэ төлөвт байдаг гэсэн үг. 600 орчим гэх тоог нягталж үзэхэд 590 орчим хүн нь шүүхээс даалгасан буюу иргэний хэрэгт хариуцагчаар эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс байсан. Тэгэхээр энэ нь оршин суугаа газраасаа сураггүй алга болсон ийм олон эмэгтэй байхгүйг илэрхийлж байна.
-
Нэмэлт мэдээлэл өгөхөд, цагдаагийн байгууллагад сураггүй алга болсон, эрэн сурвалжлагдаж буй иргэдээс хоёр ба түүнээс дээш удаа алга болж, мэдээллийн санд орсон 301 хүн, 4-7 удаа алга болсон 23 хүүхэд байна. Тэгэхээр байнга алга болж, ар гэрээс нь дуудлага өгдөг буюу давтан үйлдлээр мэдээллийн санд ордог тохиолдлууд бий. Тэгэхээр мэдээллийн сан дахь бүх хүнийг сураггүй алга болсон гэж үзэж болохгүй бөгөөд 600 гаруй хүн алга болоогүй” гэсэн байна.
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 26 дугаар зүйлд зааснаар “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээд” юм.
Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт өгдөг бөгөөд уг хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэдэг байна. Өөрөөр хэлбэл иргэний хэргийн шүүхээр дамжуулж эрэн сурвалжлагдаж байгаа 590 хүнийг сураггүй алга болсон 643 эмэгтэй гэж ойлгогдохоор тайлбарласан мэдээг шууд хуулж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна.
|
Эх сурвалж
| МОНГОЛЫН БАРИМТ ШАЛГАХ ТӨВ
|
Г.ГАНЦЭЦЭГ






Нийгэм



