Dark Light
Улс төр | 2026-11-04

ТРАМПААС ЗАЛХСАН ИРГЭД БА АМЬЖИРГААНЫ ӨРТӨГ: СОНГОГЧДЫН ГОЛ АСУУДЛЫГ AP НЭРЛЭВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | © Kristopher Radder/The Brattleboro Reformer via AP

Мягмар гарагт нийтлэгдсэн AP (Associated Press) агентлагийн судалгаанаас үзэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаглалыг сонгогчдын ойролцоогоор 10 хүний 6 нь туйлын ихээр сайшаахгүй байна. Сонгогчдын бараг 10 хүний 4 нь эдийн засгийг хамгийн чухал асуудал гэж үзэж байгаа бол 10 хүний 3 нь АНУ-ын ардчиллын төлөв байдлыг хамгийн гол асуудал гэж нэрлэсэн бөгөөд энэ нь гэмт хэрэг эсвэл цагаачлалын асуудлыг хамгийн чухалд тооцсон сонгогчдын тооноос хамаагүй өндөр байна. 

Мягмар гарагийн завсрын сонгууль нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сүүлийн хоёр жилийн ажлын гүйцэтгэлд өгөх бүх нийтийн үнэлгээ (референдум) болж хувирч магадгүй болоод байна. Түүхэн чиг хандлага, санал асуулга болон урьдчилсан санал хураалтын тоо баримтууд нь Трампын Бүгд найрамдах намын хувьд хүндхэн шөнө болохыг харуулж байгаа ч улс төрийн газар зураг, тэр дундаа Бүгд найрамдах намынхны хийсэн сонгуулийн тойргийн шинэчилсэн хуваарилалт (GOP gerrymandering) нь Ардчилсан намын давуу талыг хязгаарлаж магадгүй юм.

AP-аас явуулсан сонгогчдын санал асуулгаар сонгогчид өөрчлөлтийг хүсэмжилж байгаа бөгөөд нийт сонгогчдын бараг дөрөвний гурав нь өнөөдөр улс оронд өрнөж буй үйл явцад "бухимдсан" эсхүл "сэтгэл дундуур" байгаагаа илэрхийлжээ. Тэдний ихэнх нь өндөр өртөг, үнийн өсөлтөд Трампын засаг захиргааг буруутгаж байгаа бөгөөд 10 хүний 6 нь үнийн өсөлтийг "Трампын хяналтаас гадуурх хүчин зүйлсээс" гэхээсээ илүүтэй "Трампын бодлогоос илүү хамааралтай" гэж хариулсан байна. 

Уг санал асуулгаар 10 хүний 4 орчим сонгогч улс оронд тулгарч буй хамгийн чухал асуудлыг эдийн засаг гэж үзсэн бол 10 хүний 3 нь ардчиллын асуудлыг хамгийн чухал гэж нэрлэсэн нь гэмт хэрэг, эрүүл мэнд, цагаачлалын талаар ижил бодолтой байсан иргэдийн тооноос хамаагүй өндөр байв. Үүнээс гадна сонгогчдын 70 орчим хувь нь Конгрессийг ерөнхийлөгчийн засаглалд илүү их хяналт, тэнцвэрийг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. 

Ардчилсан намынхан Конгрессийн Төлөөлөгчдийн танхим болон Сенатад олонхын суудал авснаар Трампын эрх мэдлийг хязгаарлахыг зорьж байгаа. Учир нь Трамп өнөөг хүртэл Конгрессийн хоёр танхимд хоёуланд нь олонх байгаа Бүгд найрамдах намынхны зүгээс ямар нэгэн эсэргүүцэл, шахалттай бараг тулгараагүй. Түүнчлэн хэд хэдэн мужийн амбан захирагчийн суудлын төлөөх чухал өрсөлдөөнүүд өрнөж байна.

Мягмар гарагаас өмнө 59 сая гаруй америкчууд урьдчилж саналаа өгсөн ч Сонгуулийн өдөр үүнээс хамаагүй олон санал хураагдах бөгөөд засгийн газрын хараат бус хяналтын бүлгүүд Трамп болон түүний үнэнч дэмжигчид санал хураалтын явцад хөндлөнгөөс оролцож магадгүй гэж түгшиж байна. Хамгийн муу хувилбараас эмээж, Ардчилсан намынхан болон намын бус хараат бус ажиглагчид санал хураах байруудыг хянуулахаар арван мянга гаруй сайн дурынхныг бэлтгэжээ. 

Завсрын сонгууль ерөнхийлөгчийн намд хатуурхдаг зүй тогтолтой 

Бүгд найрамдах намаас сонгогдсон ерөнхийлөгч мөн түүхийг сөрөхийг хичээж байна. Учир нь орчин үеийн завсрын сонгууль болгонд Цагаан ордонд суудалтай байгаа ерөнхийлөгчийн нам Конгресс дахь суудлаа алддаг зүй тогтолтой. Ардчилсан намынхан ч энэ жил ийм зүйл болно гэж найдаж байгаа. Трампын нэр хүндийн үнэлгээ маш доогуур байгаа, Ирантай хийж буй мөргөлдөөнд сонгогчид сэтгэл зовниж буй, мөн шатахуун болон бусад өдөр тутмын хэрэгцээт зүйлсийн үнэ огцом өссөн зэрэг нь АН-ынханд өөдрөг хүлээлт үүсгэжээ. 

Трамп өөрийнх нь 2016 болон 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг хангаж байсан цагаан арьст ажилчин ангийн сонгогчид хэрэв олноороо ирж саналаа өгвөл Бүгд найрамдах намын холбоотнуудыг нь аварч чадна гэсэн найдвар тавьж байна. Гэвч сонгуулийн өдрөөс өмнө Ардчилсан намынхан түүний болон түүний намын эсрэг санал өгөхөөр илүү их урам зоригтой байгаа шинж тэмдэгүүд ажиглагджээ. Тодруулбал, хоёр жилийн өмнө Трампыг дэмжих хандлагатай байсан латин америк гаралтай болон хар арьст сонгогчид, мөн залуу үеийнхэн энэ удаад түүнд итгэл алдарч, эсрэг санал өгөх магадлалтай байгаа юм. 

Гэсэн хэдий ч Ардчилсан намынхан Конгрессийн хоёр танхимыг хоёуланг нь эргүүлэн авч чадах уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр байна. Дэлхийн II дайнаас хойш ганцхан завсрын сонгуулиар Төлөөлөгчдийн танхим болон Сенат хоёулаа нэг намаас нөгөө нам руу зэрэг шилжсэн тохиолдол ердөө гуравхан удаа гарсан: 1946, 1994, 2006 онд. Сонгогчид өөрчлөлтийг туйлбартай хүсэж, эсвэл ерөнхийлөгчийн бодлогод нийтээрээ сэтгэл дундуур байх үед л ийм түүхэн хувиралт гардаг. Энэ жил эдгээр хоёр шалтгаан хоёулаа бүрдсэн тул Ардчилсан намынхан энэ боломжийг ашиглахыг хичээж байна.

Анхаарал татах эхний тойргууд

Хоёр намын стратегичид Ардчилсан намыг Төлөөлөгчдийн танхимд олонх болох замаар явж байна гэж үзэж байгаа бөгөөд Бүгд найрамдах намынхан энэ Конгрессийг 220-215 гэсэн маш нарийн зөрүүтэй давуу талтайгаар эхлүүлсэн юм. Гэвч суудлын зөрүү хэр томоор өөрчлөгдөх нь тодорхойгүй байна. Ардчилсан намынхан 60 гаруй тойргийг онилж байгаа бөгөөд үүнд Трампын хоёр оронтой тоогоор ялж байсан олон тойргууд багтжээ. Гэвч тойргуудыг дахин хуваарилсан байдал болон хот, хөдөөгийн америкчуудын хоорондын намын гүн хуваагдлаас шалтгаалан Төлөөлөгчдийн танхим хувирч байсан өмнөх жилүүд шиг (жишээ нь Ардчилсан нам 40 суудал нэмж авсан 2018 он шиг) ширүүн өрсөлдөөнтэй тойргууд олон биш байна. 

Эхний дохио өгөх тойргуудад: Бүгд найрамдах намын Төлөөлөгч Брайан Фитцпатрикийн Филадельфийн захын дүүрэгт суудлаа хадгалж үлдэхийг хичээж буй Пенсильванийн 1-р тойрог; энэ хавар тойргийн хуваарилалтыг шинэчилсэний дараа Бүгд найрамдах намынхан шууд авна гэж тооцож байсан Флоридагийн 22 болон 25-р тойргууд; Бүгд найрамдах намын Төлөөлөгч Жен Кигганс болон Ардчилсан намын төлөөлөгч асан Элейн Луриа нарын хооронд дахин өрсөлдөж буй Виржиниагийн 2-р тойрог; мөн орон нутгийн прокурор, Ардчилсан намын Шэннон Тейлор Бүгд найрамдах намын Төлөөлөгч Роб Виттманыг сорьж буй Виржиниагийн 1-р тойргууд багтаж байна. 

Түүнчлэн Сенатын хяналт хэний гарт очих нь тодорхойгүй хэвээр байгаа. Одоогийн байдлаар Бүгд найрамдах намынхан 53-47 харьцаатайгаар давуу талтай хэвээр байгаа тул Ардчилсан намынхан хяналтыг авахын тулд шаардлагатай 4 суудлыг цэвэр жингээр нэмэхийн тулд өмнө нь Трампын ялж байсан мужуудад ялалт байгуулах ёстой. Тэдний онилж буй мужуудад: Огайо, Аяова, Канзас, Техас, Аляска юм. 

Зүүн эргийн эхний үр дүнгүүд урьдчилсан төлөвийг харуулж магадгүй. Ардчилсан намын Рой Күүпер Хойд Каролина дахь суудлыг эргүүлэн авах магадлал өндөр байгаа бөгөөд Ардчилсан намын Сенатч Жон Оссофф Жоржиа мужид дахин сонгогдох хүлээлттэй байна. Хэрэв эдгээр үр дүнгийн аль нэг нь биелэхгүй эсвэл зөрүү нь маш нарийн байвал энэ нь бусад мужуудад Бүгд найрамдах намынхан хүлээгдэж байснаас илүү хүчтэй гүйцэтгэл үзүүлэхийг зөгнөж болох юм. 

"Шуурхай удирдлагын өрөө" (War Room)

Ерөнхийлөгч сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохын тулд холбооны засгийн газрын асар их нөөц бололцоог ашиглах эсэхийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Трампын сүүлийн үеийн мэдэгдэл, шүүхээр хийж буй алхмууд болон ерөөс ялагдсан сонгууль болгоноо “луйвар” эсхүл “хууль бус” гэж олон жил үндэслэлгүй зөрүүдэлж ирсэн түүх нь энэхүү аюулыг зүгээр нэг цуурхал биш, бодит эрсдэл гэж үзэх хангалттай шалтгаан болж байгаа юм.  

Үүнээс өмнө Аляскад Бүгд найрамдах намын Сенатч Дэн Салливан ялагдал хүлээвэл сонгуулийн үр дүнг баталгаажуулахгүй байх тухай Хууль зүйн яамны гаргасан нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон юм. Гэсэн хэдий ч Трампын засаг захиргаа тус мужид холбооны зүгээс хөндлөнгөөс оролцож магадгүйг сүүлийн өдрүүдэд дахин цухуйлгаж эхэллээ. Трамп энэ нөхцөл байдлыг "хамгийн дээд түвшний сонгогчдын луйвар" гэж нэрлэжээ. Засаг захиргаа мөн холбооны засгийн газраас "иргэн биш байж болзошгүй" гэж тодорхойлсон 20,000 хүний саналын хуудсыг тоолохыг Калифорни мужид хориглохоор оролдсон ч бүтэлгүйтсэн байна. 

Трампын Хууль зүйн яам санал хураалтын явцыг ажиглаж, холбооны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар яамны 1000 орчим ажилтныг илгээж байна. Сонгуулийн ажиглагчид Трамп Ардчилсан намын томоохон тойргуудын сонгогчдыг айлган сүрдүүлэхийн тулд холбооны цагаачлалын агентууд эсвэл Үндэсний гвардийг илгээж магадгүй гэж илүүтэй түгшиж байна. Трампын засаг захиргаа одоогоор ийм төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдсэн. 

Гэсэн хэдий ч энэ долоо хоногт Ардчилсан намын зуу гаруй бүлэг болон засгийн газрын хараат бус хяналтын байгууллагуудыг хамарсан сонгуулийг хамгаалах асар том хүчин чармайлт харагдах болно. Ардчилсан намын удирдагчид, хууль тогтоогчид болон бусад хүмүүс завсрын сонгуулийн өмнө "Шуурхай удирдлагын өрөө" (War Room)-нд холбооны зүгээс хөндлөнгөөс оролцож болох 150 гаруй хувилбарыг хэдэн долоо хоногийн турш боловсруулж, санал хураалтын дараах өдрүүдэд засаг захиргааны зүгээс хийх алхмуудын эсрэг ажиллахад анхаарлаа хандуулжээ. 

2026 онд Трампын нэр хүнд шалдаа буусан ч Ардчилсан намын нэр хүнд ч бас олигтой биш, хүндхэн байна. Тиймээс сонгуулийн дараа тус намын гол фракцууд болох шинэчлэгч зүүн жигүүр (прогрессивууд) болон хуучинсаг төвч үзэлтнүүд (эстаблишмент) нам доторх эрх мэдлээ тогтоохын тулд сонгуулийн үр дүнг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, том тулаан хийх нь тодорхой болоод байна.

Мичиган мужийн Сенатын суудалд Ардчилсан намаас нэр дэвшигч Абдул Эл-Сайед бол хамгийн өндөр зэрэглэлийн дэвшүүлэх үзэлт (прогрессив) нэр дэвшигч бөгөөд хэрэв тэрээр Бүгд найрамдах намын Майк Рожерсыг ялж, суудлаа Ардчилсан намд хадгалж чадвал энэ хөдөлгөөний хувьд том ололт болох юм. Гэвч Эл-Сайед шиг ил тод прогрессив үзэлтэн Трампыг хоёр ч удаа сонгоход тусалж байсан Мичиган шиг хувирамтгай мужид ялалт байгуулах нь амаргүй тулаан байж болно. 

Нөгөөтэйгүүр, хэрэв тэдний нэр дэвшигчид тааруухан оролцвол прогрессив үзэлтнүүд нам доторх нөлөөгөө алдаж магадгүй юм. Мичиган болон Миннесота (Ардчилсан намын эзэмшиж байсан суудлыг Дэд амбан захирагч Пэгги Фланаган Бүгд найрамдах намын Мишель Тафоягийн эсрэг хамгаалж байгаа) мужуудад Сенатын суудлаа алдвал Ардчилсан намынхан Сенатын хяналтыг алдаж, улмаар бие биеэ буруутгахад хүрнэ. 

Хэрэв бүх үзэл баримтлалын Ардчилсан намынхан нэгдэж ялалт байгуулан Сенат, Төлөөлөгчдийн танхим, амбан захирагчийн суудлуудыг олноор нь авч чадвал, энэ хувилбар нь намын дотоод шинж чанарын тэмцлийг шийдвэрлэхэд бага нөлөө үзүүлэх бөгөөд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгааг маш нээлттэй бөгөөд ширүүн болгохыг бараг л баталгаажуулна. 

Трамп өнгөрсөн жил хамгийн олон хүн амтай, Бүгд найрамдах намын удирдлагатай Техас мужийг Конгрессийн тойргийн хил хязгаарыг дахин зурахыг шахсанаар хариу арга хэмжээнүүдийн шуургыг дэгдээсэн юм. Калифорни мужийн Амбан захирагч Гэвин Ньюсом үүний хариуд өөрийн мужийн сонгогчдыг ижил алхам хийхийг ятгаж, тойргийн хуваарилалтыг бүх нийтийн санал асуулгад оруулсан билээ. Бусад Ардчилсан болон Бүгд найрамдах намын мужууд ч үүнийг дагасан юм. 

Сонгуулийн эрхийг хамгаалагчдын хувьд том ухралт болсон үйл явдал нь АНУ-ын Дээд шүүх 1965 оны “Санал өгөх эрхийн тухай хууль”-ийн зарим заалтыг хүчингүй болгосон явдал юм. Үүний уршгаар өмнөд мужуудад хар арьст сонгогчид олонх байсан тойргуудын хил хязгаарыг Бүгд найрамдах намынхан өөрт ашигтайгаар дахин зурах боломж бүрджээ. Тооцооллоор бол энэхүү тойргийн хуваарилалт нь Бүгд найрамдах намд нэмж 9 суудал авчрах давуу талтай байгаа юм. Гэвч тойргийг ийнхүү зориуд өөрт ашигтайгаар хуваарилсан (жерримандеринг хийсэн) явдал нь консерватив үзэлтэй дэмжигчдийнх нь саналыг олон тойрогт хэтэрхий тарамдуулан байршуулах сул талыг бас дагуулжээ.  Флорида, Техас мужуудад Бүгд найрамдах намын гаргасан төлөвлөгөө нь 2024 онд Трампыг дагаж байсан латин америк гаралтай болон цагаан арьст бус сонгогчдын санал дээр тогтож байсан ч энэ удаад тэрхүү тооцоолол нь бүтэхгүй байх эрсдэл тулгарчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08