Энэ нь шинэ дээд амжилт боллоо.
АНУ-ын Нью-Хэмпшир мужийн оршин суугч Молли Фалко генийн өөрчлөлттэй гахайн бөөртэй бүтэн жил амьдарсан дэлхийн анхны өвчтөн боллоо. Энэ тухай The New York Times сонин мэдээлжээ. Өмнө нь уг дээд амжилтыг гахайн бөөртэй есөн сар амьдарч, хүний бөөр шилжүүлэн суулгуулах хүртлээ тэсэж чадсан Тим Эндрюс эзэмшиж байсан юм.
"Mass General Brigham" эмнэлгийн эмч нар 2025 оны арваннэгдүгээр сарын 22-нд мэс заслыг хийжээ. Биотехнологийн "eGenesis" компани эрхтнийг бэлтгэсэн бөгөөд үүний тулд амьтанд 69 төрлийн генийн өөрчлөлт хийсэн байна. Эрдэмтэд хүний биетэй нийцэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд гахайн ретровирусийг идэвхгүйжүүлж, бие махбодын үзүүлэлтүүдийг нь өөрчилсөн аж.
Эрхтэн шилжүүлэн суулгасны дараахан эмэгтэйд хүндрэлүүд гарсан ч 2026 оны хоёрдугаар сараас хойш тэрбээр эмнэлэгт хэвтээгүй байна. Одоо 58 настай Фалко амьдралын ердийн хэмнэлдээ эргэн орж байгаа бөгөөд автомашин жолоодож, хоол хийж, цаашлаад цанаар гулгахаар төлөвлөж байна.
"Mass General Brigham" эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах судалгааны удирдагч Леонардо Риелла гахайн эрхтэн хүний бөөрний үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэж байгааг онцолжээ. Гэсэн хэдий ч өвчтөн одоо ч амархан ядардаг хэвээр байгаа аж. Дархлаа дарангуйлах эмүүд нь эрхтнийг биеэс түлхэгдэхээс хамгаалдаг ч халдвар эсэргүүцэх чадварыг бууруулдаг тул тэрбээр олон нийтийн газар амны хаалт зүүх шаардлагатай болдог байна.
Төрөлхийн өвчний улмаас Молли Фалкод бөөр шилжүүлэн суулгах шаардлага тулгарчээ. Эмч нар уг эрхтнийг авах төлөвлөгөөгүй байгаа бөгөөд донор бөөр олдох мөч хүртэл өвчтөн үүнтэйгээ дор хаяж дахин нэг жил амьдарна гэж найдаж байна.
Донор эрхтэн хуваарилах нэгдсэн сүлжээний (UNOS) мэдээллээр АНУ-д 90 мянга орчим хүн бөөр шилжүүлэн суулгуулахаар хүлээж байгаа бөгөөд мэс заслаа хүлээж чадалгүй өдөрт дунджаар 12 хүн нас бардаг байна. 2027 оны нэгдүгээр сард эрдэмтэд "eGenesis" компанийн гахайн бөөрний албан ёсны эмнэлзүйн туршилтыг эхлүүлэхээр зорьж байгаа бөгөөд судалгаанд тус улсын 10 анагаах ухааны төвийн 33 өвчтөн оролцох юм.
ТАТАР МАЙДАР







Эрүүл мэнд



