Ип Ка-күй хэзээ ч сонсогдохгүй гэдгийг нь мэдсээр байж эхнэр рүүгээ WhatsApp-аар дуут мессеж илгээсээр байна. Түүний эхнэр өнгөрсөн арваннэгдүгээр сард Хонконгт сүүлийн хэдэн арван жилд гараагүй хамгийн олон хүний амийг авч одсон гал түймрээр амь үрэгдсэн 168 хүний нэг байсан юм.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 68 настай Ип зурагтаа огт асаагаагүй бөгөөд супермаркет руу орохдоо ч хүндрэлтэй тулгарч, аппаратаараа гадаа зураг авахаа больжээ — эдгээр нь түүний эхнэр Пак Шүй-линтэйгээ хамт хийдэг байсан зүйлс байв. Тэр ганцаараа хооллож сурчээ. Заримдаа эхнэрийнх нь тухай бодол гэнэт орж ирэхэд тэр уйлдаг байв. Хамгийн хэцүү мөчүүд шөнө дунд өнгөрсөн хойно ч нойр нь хүрэхгүй хөрвөөх тэр цагт ирдэг байна.
Одоо "Ван Фүк Корт" (Wang Fuk Court) хороолол дахь шатаж харласан байрнаасаа алхаад хүрэх зайд орших ууган хүүгийнхээ гэрт амьдарч буй Ип танил гудамж талбай нь дурсамжаар дүүрэн байдаг тул сүүлийн саруудад ихэвчлэн гэртээ байхыг илүүд үзэх болжээ.
“Заримдаа сэтгэл гэнэт л үймрээд ирдэг. Түүнийг энд байхгүй болсон гэдэгт итгэж чадахгүй нь” гэж тэрбээр ярилаа.

хохирогч Ип Ка-күй
ОРШИН СУУГЧИД ҮХЛИЙН АЮУЛТАЙ ГАЛЫН ӨМНӨ САНАА ЗОВНИЛОО ИЛЭРХИЙЛЖ БАЙЖЭЭ
Ипийн нэгэн адил долоон орон сууцны барилгыг хамарсан гал түймрийн улмаас орон гэргүй болсон олон оршин суугч уй гашууд автсан хэвээр байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэд хуучин гэр рүүгээ буцаж эд зүйлсээ цуглуулж, гал түймэрт хүргэсэн буруу үйл ажиллагаа, хяналт шалгалтын дутагдлын талаар олж мэдсэн бөгөөд өнгөрсөн сард албаны хүмүүс эмгэнэлт явдлын төлөө бөхийн уучлалт гуйхыг харсан юм.
Гэвч амьдрал тэднийг урагш түлхсээр байгаа ч зарим хүмүүс шударга ёс хараахан тогтоогүй гэж үзэж, санаа зовнилоо илэрхийлэхэд эрх баригчдын зүгээс дарамт шахалт мэдэрч байгаагаа хэлжээ. Зарим оршин суугчид Пүрэв гарагт тохиох гал түймрийн нэг жилийн ойг тохиолдуулан цэцэг өргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд хотод шашны төрөл бүрийн дурсгалын арга хэмжээнүүд зохион байгуулагдах аж.
Гал гарахаас өмнө зарим оршин суугчид хорооллын барилгын засварын төслийн үеэр галын аюулгүй байдал алдагдаж байгаа талаар Засгийн газарт хэдийнэ гомдол гаргаж байжээ. Ип ажилчид тамхи татаж байгаа талаар ерөнхий гүйцэтгэгчид санаа зовнилоо илэрхийлж, Хотын шинэчлэлийн газарт уг төслийн талаар гомдол мэдүүлж байсан байна.
Гэвч 2025 оны 11-р сарын 26-нд оршин суугчдын хамгийн их айж байсан зүйл бодит болжээ. Тэр өдөр эхнэр Пак нь хөршүүдийнхээ хаалгыг тогшин гал гарсныг анхааруулж, заримыг нь аварсан ч өөрөө гарч амжаагүй юм. Шалгалтаар гал түймэр асаасан тамхинаас үүдэлтэй байх магадлалтай бөгөөд галд тэсвэргүй барилгын шатны материалаар маш хурдан тархсан нь тогтоогджээ.
Шалгалтын сонсголоор эдгээр баримтууд ил болоход Ип маш их уурлажээ.
Тавдугаар сард тэрбээр 20 гаруй жил амьдарсан гэртээ цэцэг барин эргэж очжээ. Тэдний ихэнх эд зүйлс үнс нурам болж шатсан байсан бөгөөд тэрбээр бүтэн үлдсэн бүх зүйлээ ганцхан жижиг уутанд багтаасан байна. Тэр өөрийнхөө хуримын бөгжийг олсон ч эхнэрийнхээ бөгжийг олоогүй аж.
“Чи минь амар амгалан газар руу яв даа, бидний төлөө бүү санаа зов” гэж тэрбээр тэр үед гэртээ эхнэртээ хандан хэлжээ.
ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭСЭН ЗАРИМ АМЬД ҮЛДЭГСЭД ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРЧЭЭ
Амьд үлдсэн өөр нэг иргэн болох Бетти Хо 18 жилийн турш орон сууцны зээлээ төлж дуусгаад өнгөрсөн жил л тэтгэвэртээ гарч байжээ. Гал гарах үед тэр унтаж байсан бөгөөд хуучин хамтран ажиллагч нь биеийг нь асуухаар залгаснаар цагтаа амжиж гарч чадсан байна.
61 настай тэрбээр одоо "Ван Фүк Корт" харагддаг түр орон сууцанд амьдарч байгаа бөгөөд заримдаа нар мандсаны дараа л унтаж чаддаг аж.
Тавдугаар сард Хо байрандаа эргэж очиход шал нь хайлж, хана нь эвдэрсэн байжээ. Түүний пянзнууд муруйж, тоглоомон машинууд нь сүйрсэн ч зарим Дораэмон тоглоомуудаа бүтэн авч чадсан байна.
Хо орон сууцыг нь хуучин буурин дээр нь дахин барьж өгөхийг хүссэн ч Засгийн газар дахин барихад арав орчим жил шаардагдана хэмээн үүнээс татгалзжээ.
Тэрбээр энэхүү хүслээ бичсэн уриа лоозонг хуучин гэртээ өлгөхөөр төлөвлөж байсан ч цагдаа нар түүнд үүнийг хийхгүй байхыг сануулсан гэж тэр хэлэв. Мөн ижил шаардлага тавьсан зурагт хуудсуудыг бусад байрнаас ч хурааж авсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Эцэст нь тэрбээр зөвхөн "Ван Фүк Корт"-д хайртай гэдгээ илэрхийлсэн зурагт хуудас л нааж чаджээ.
“Би ямар ч хууль бус зүйл хийгээгүй, зүгээр л өөрийнхөө гэрийн дотор нааж байгаа юм. Гэвч үүнд хүртэл маш их хязгаарлалт тавьсан. Хонконгийн Засгийн газар миний мэддэг байсан тэр газар байхаа больсон мэт санагдаж байна” гэж тэр хэлэв.
Үндэсний аюулгүй байдлын хуулиуд улс төрийн сөрөг хүчний дуу хоолойг бараг бүрэн намжаасан энэ хотод уг эмгэнэлт явдал эмзэг сэдэв болоод байна.
Засгийн газар “гамшгийг ашиглан эмх замбараагүй байдал өдөөж байна” хэмээн буруутгасан хүмүүсийг зэмлэн буруушаажээ. Цахим орчинд өдөөн хатгасан гэх агуулга нийтэлсэн эсвэл өргөдөл зохион байгуулсан хүмүүсийг саатуулсны дараа хүн бүр чөлөөтэй ярьж чадахаа больсон байна. Галын хэрэгтэй холбоогүй залилангийн хэргээр "Ван Фүк Корт"-ын илэн далангүй байр сууриа илэрхийлдэг оршин суугч болон түүний эхнэрийг баривчилсан нь хүмүүст айдас төрүүлжээ.
Өнгөрсөн Баасан гарагт Хонконгийн Засаг захиргааны ерөнхий нарийн бичгийн дарга Эрик Чан Засгийн газар хууль ёсны дурсгалын арга хэмжээнд саад болохгүй гэдгийг мэдэгдсэн ч оршин суугчдыг юунд оролцохоо сайтар сонгож, далд санаатай хүмүүст ашиглагдахгүй байхыг уриалжээ.
Associated Press агентлагийн асуултад цахим шуудангаар өгсөн хариуд Засгийн газар Хонконг бол хууль дээдэлдэг нийгэм бөгөөд хууль зөрчөөгүй аливаа үйл ажиллагаа явагдах боломжтой гэж мэдэгдсэн ч зурагт хуудастай холбоотой асуултад хариулт өгөөгүй байна.
Мөн хуучин оршин суугчдыг баривчилсан нь уг эмгэнэлт явдалтай ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн бөгөөд хэрэг шүүхийн шатанд шилжсэн тул цагдаагийн газраас тайлбар өгөхөөс татгалзжээ.
АМЬД ҮЛДЭГСЭД НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТИЙН ТАЛААР ХҮНД СОНГОЛТТОЙ ТУЛГАРЧЭЭ
Оршин суугчид мөн засаг захиргааны нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг 8-р сарын 31-ний эцсийн хугацаанаас өмнө хүлээн зөвшөөрч, орон сууц өмчлөх эрхээ Засгийн газарт худалдах эсэх талаар хүндхэн сонголт хийх шаардлагатай болжээ.
Засгийн газар уг долоон барилгыг эдийн засгийн хувьд үр ашигтайгаар засварлахад хүндрэлтэй гэж үзэн нураах чиглэл баримталсан байна. Есдүгээр сард галд өртсөн долоон барилга болон бүрэн бүтэн үлдсэн нэг барилгын өмчлөгчдийн 99 гаруй хувь нь байраа худалдахыг зөвшөөрсөн гэж мэдэгджээ.
Харин Хо үүнийг шударга бус хэмээн үзэж, тэдэнд уншиж танилцах үл хөдлөх хөрөнгийн шалгалтын тайлан байхгүй байгааг дурдан татгалзсан байна.
Засгийн газар хожим үлдсэн орон сууцуудыг худалдан авах тухай хууль баталж магадгүй тул түүний ирээдүй тодорхойгүй хэвээр байна. Тэрбээр хотын үндсэн хууль болох Үндсэн хууль (Basic Law) нь хувийн өмч өмчлөх эрхийг хамгаалдаг гэж хэлээд “Энэ нь хэр хол явахыг би хармаар байна” гэжээ.
Зарим нь дурамжхан заржээ. Ип гэр бүлийнхээ санхүү, ирээдүйг дэнсэлсний эцэст өөр сонголт байгаагүй гэж хэлсэн ч эцсийн хугацаа дуусахаас яг өмнө зориуд гарын үсэг зурсан байна.
“Миний хийж чадах цорын ганц зүйл бол хамгийн сүүлчийн мөч хүртэл тэсэж үлдэнэ гэдгээ чамд мэдэгдэх явдал байлаа” гэж тэр хэлэв.
ОРШИН СУУГЧИД ХАРИУЦЛАГЫН АСУУДЛЫГ ХӨНДӨЖ БАЙНА
Засварын төсөлд оролцсон компаниуд болон хувь хүмүүсийг яллах ажиллагаа үргэлжилсээр байна.
Аравдугаар сард гарсан албан ёсны шалгалтын тайлангаар засварын ажилд алдаа гарч, зохицуулалтын хяналт хангалтгүй байсныг тогтоожээ.
Хонконгийн удирдагч Жон Ли уучлалт гуйж, орон сууцны сайд нь “улс төрийн хариуцлага” хүлээн огцорсон гэдгийг мэдэгдсэн бөгөөд төрөл бүрийн шинэчлэлийн арга хэмжээг мөн зарласан юм.
Гэвч Хо сайд огцорсон нь улс төрийн хариуцлага хүлээж байгаа хэрэг биш гэж үзжээ. Тэрбээр Засгийн газрын уучлалт 11 сарын дараа хожимдож ирсэн тул чин сэтгэлийнх биш байсан хэмээн хэлээд “Тэд одоо юу ч хийсэн сэтгэлд хүрэхүйц байдлаар хүлээж авахад маш хэцүү байх болно” гэв.
Ип алдаа дутагдал илэрсэн бусад хэлтсүүдийг хариуцаж байсан өөр гурван товчоо яагаад улс төрийн хариуцлага хүлээгээгүйг ойлгохгүй байгаагаа хэлэв.
Түүний хэлснээр эрх баригчид гамшигт үнэн сэтгэлээсээ хариуцлагатай хандаж байгаагаа харуулах ёстой байсан ч "Ван Фүк Корт"-ыг дахин барихаас хурдан татгалзаж, орон сууц худалдан авах төлөвлөгөөнд хатуу хугацаа тогтоосон нь эсрэгээрээ байгааг харуулжээ.
Тэрбээр хэрүүл маргаан өдөөх гээгүй ч орон гэрээ хэрхэн алдсан болон түүний дараа өөрсөдтэй нь хэрхэн харьцсаныг зүгээр л орхиж чадахгүй гэдгээ хэлэв.
“Биднийг гамшгийн хохирогчдоос үймээн самуун дэгдээгчид болгож хувиргасан мэт санагдсан. Би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж тэр хэлжээ.
Ип хэдий хэр хугацааны дараа энэ бүхнийг даван туулж чадахаа хэлж мэдэхгүй байв.
“Миний хэлж чадах цорын ганц зүйл бол одоохондоо би урагш алхсаар байх болно” гэж тэрбээр өгүүлжээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад



