Фото зургийг | скрин-шот
АНУ-ын завсрын сонгуулийн санал тоолох ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд урьдчилсан дүнгээр Ардчилсан намынхан Төлөөлөгчдийн танхимд олонхын суудал авч, хяналтыг Бүгд найрамдах намаас албан ёсоор булаан авсныг АНУ-ын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд урьдчилан зарлалаа.
Төлөөлөгчдийн танхимын нийт 435 суудлын төлөөх сонгуульд олонх болохын тулд аль нэг нам 218 суудал авах шаардлагатай байдаг юм. Associated Press (AP) агентлагийн албан ёсны мэдээллээр Ардчилсан намынхан урьд өмнө нь Бүгд найрамдах намын эзэмшиж байсан долоон суудлыг шууд эргүүлэн авч чаджээ. Эдгээр чухал суудлууд Кентукки мужийн 6-р тойрог, Хойд Каролинагийн 11-р тойрог, Нью-Жерсигийн 7-р тойрог, Огайогийн 15-р тойрог болон Пенсильвани мужийн 7, 8, 10-р тойргуудад гарсан байна.
Тодруулбал, Огайо мужийн 15-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Дон Леонард сонгогдсон бол Пенсильвани мужийн 8 болон 10-р тойргуудад Ардчилсан намын Пэйж Когнетти, Жанелл Стелсон нар тус тус ялалт байгуулжээ. Нөгөө талд, Бүгд найрамдах намын гол төлөөлөгч Майк Жонсон Луизиана мужийн 4-р тойрогт дахин сонгогдож чадсан байна.
Ардчилсан нам ийнхүү Конгрессын доод танхимд хяналтаа тогтоосноор Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн сүүлийн хоёр жилийн хугацаанд түүний засаглалын бодлого, хууль тогтоох хөтөлбөрүүдэд хатуу хяналт тавьж, шахалт үзүүлэх асар том улс төрийн эрх мэдэлтэй болж байна. Одоогоор улс орон даяар санал тоолох ажиллагаа үргэлжилсээр байна.
АНУ-ын Сенатын танхимд Ардчилсан нам түүхэн ялалт байгуулж, бүрэн хяналтаа тогтоолоо
АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн (NBC News, CBS News, BBC) хамгийн сүүлийн үеийн урьдчилсан мэдээллээр, АНУ-ын Конгрессын дээд танхим болох Сенатад Ардчилсан нам Бүгд найрамдах намыг бут цохиж, олонхын суудал (хамгийн багадаа 50 гаруй суудал) авснаар Конгрессыг бүрэн хяналтдаа орууллаа. Сонгуулийн өмнө Бүгд найрамдах намынхан 53-47 харьцаатайгаар Сенатад олонх байсан ч энэ удаагийн "Цэнхэр давалгаа"-г тогтоон барьж чадсангүй.
Бүгд найрамдах намын уламжлалт бааз мужууд нурсан нь энэ сонгуулийн хамгийн том дуулиан боллоо. Ардчилсан намынхан Бүгд найрамдах намын бэхлэлт гэгддэг, өмнө нь Дональд Трампын хоёр оронтой тоогоор илүүрхэж байсан Техас, Канзас, Өмнөд Каролина мужуудад гайхалтай ялалт байгуулж, суудлуудыг нь булаан авчээ.
Энэхүү үр дүн нь Бүгд найрамдах нам болон Ерөнхийлөгч Дональд Трампын засаглалд сонгогчдын зүгээс өгсөн маш хатуу сургамж, том цохилт болж байна. Үр дүн тодорхой болсны дараа Дональд Трамп өөрийн сошиал хуудсаараа дамжуулан "Энэ сонгуулийн саналын хуудсан дээр миний нэр байгаагүй. Хэрэв би өөрөө нэр дэвшсэн бол бид маш хол зөрүүтэй үнэмлэхүй ялалт байгуулах байсан" хэмээн мэдэгдэж, өөрийн намаас зайгаа барих тактик хэрэглэж эхэлснийг BBC онцоллоо.
Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхим, дээд танхим болох Сенатыг Ардчилсан нам хамтад нь гартаа оруулснаар АНУ-д хууль тогтоох засаглал бүрэн шинэчлэгдэж байна. Ингэснээр Ардчилсан намынхан Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй гадаад худалдааны өндөр татварууд, Ираны эсрэг дайны санхүүжилтүүдийг шууд хаах, мөн Трампын гэр бүл, найз нөхдийн авлигын хэргийг мөрдөн шалгаж, импичмент буюу засаглалаас огцруулах ажиллагааг ч эхлүүлэх хууль эрх зүйн бүрэн чадамжтай боллоо.
АНУ-ын Конгрессын сонгуулийн дүн жинхэнэ утгаараа "Цэнхэр давалгаа" болж, Ардчилсан нам бүрэн ялалт байгуулснаар өндөрлөж буй бололтой.
ТАТАР МАЙДАР






Улс төр



