Dark Light
Улс төр | 2026-11-04

АНУ-ЫН ЗАВСРЫН СОНГУУЛЬ: АМЕРИКЧУУД ХЭРХЭН САНАЛ ӨГӨВ: ГАЗРЫН ЗУРАГ, ДИАГРАММ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | скрин-шот

АНУ-ын Конгрессын завсрын сонгуулиар сөрөг хүчин болох Ардчилсан намынхан жинхэнэ утгаараа "цахиур хагалж", урьд хожид байгаагүй гайхалтай амжилт үзүүллээ. BBC агентлагийн түнш "CBS News"-ийн мэдээлснээр Ардчилсан намынхан Сенатын танхимд олонх болсон төдийгүй Төлөөлөгчдийн танхимыг ч мөн гартаа оруулах нь тодорхой болоод байна.

Сенатын танхим: Бүгд найрамдах намын бэхлэлтүүд нурлаа

Сенатын сонгуулийн үр дүн Ардчилсан намынхны өөрсдийнх нь төсөөлж байснаас ч хамаагүй өндөр гарлаа. Хойд Каролина мужид суудал авна гэсэн хүлээлт байсан ч бүр Өмнөд Каролинад ялалт байгуулсан нь жинхэнэ шок болсон бөгөөд Канзас муж бүр 1932 оноос хойш анх удаа Ардчилсан намын Сенатчтай болж байна.

Үүнээс гадна уламжлалт консерватив Техас, Аяова, Огайо мужууд ч мөн "цэнхэр" өнгөөр будагдлаа (Ардчилсан нам ялав). Одоогоор Аляска, Мэн мужуудад өрсөлдөөн тун тэнцүү байгаа бол Бүгд найрамдах намын хамгийн бат бөх бэхлэлт гэгддэг Миссисипи мужийн суудлын хувь заяа ч хутганы ирмэг дээр ирээд байна.

Сонгуулийн өмнөх санал асуулгуудаар Өмнөд Каролинаг Бүгд найрамдах намын талд хазайж байна гэж үзэж байсан юм. Олон жилийн турш "гүн улаан" буюу консерватив байсан тус муж хамгийн сүүлд 1998 онд Ардчилсан намын Сенатчийг сонгож байжээ.

Төлөөлөгчдийн танхим: Трампын тойргийн хуваарилалт бүтэлгүйтэв

"CBS News"-ийн таамаглалаар Ардчилсан намынхан Лхагва гарагийн GMT цагаар 03:00 цагийн орчимд (АНУ-ын зүүн эргийн цагаар Мягмар гарагийн 22:00 цагт) Төлөөлөгчдийн танхимд ялснаа зарлалаа. Тэд хяналтыг авахын тулд шаардлагатай суудлуудаа хэдийн баталгаажуулсан ч улам том ялалт байгуулахыг зорьж байна.

Үүний тод жишээ нь Флорида мужийн 14 болон 25-р тойргуудад Ардчилсан намынхан суудлаа хадгалж үлдсэн явдал юм. Энэ нь сонгуулийн тойргийн хил хязгаарыг өөрт ашигтайгаар дахин зурж (жерримандеринг хийж) ялалт байгуулах гэсэн Бүгд найрамдах намынхны төлөвлөгөөнд хүнд цохилт боллоо. Учир нь тойргийг шинэчлэн зурахдаа 2024 онд Камала Харрисыг дэмжсэн сонгогчид давамгайлж байсан бүсүүдийг Дональд Трампыг дэмжигчид олонх байхаар хүчээр өөрчилсөн байсан юм. Бүгд найрамдах намынханд ашигтайгаар зурсан Флоридагийн 22-р тойрогт ч мөн Ардчилсан нам ялалт байгууллаа.

Латин Америк гаралтай сонгогчид Трампаас нүүр бурууллаа

Флорида мужид болсон сонгуулийн гол эргэлтийг Латин Америк гаралтай сонгогчид хийсэн байна. Сонгогчдын дунд явуулсан асар том санал асуулгаас үзэхэд энэ бүлгийн иргэдийн 55 хувь нь Ардчилсан намаас Сенатад нэр дэвшсэн Энжи Никсоныг дэмжсэн бол Бүгд найрамдах намын Эшли Мүүди ердөө 44 хувийн санал авчээ. Энэ нь 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Латин Америк гаралтай сонгогчдын 55 хувь нь Дональд Трампыг дэмжиж байсан хандлагыг бүрэн орвонгоор нь эргүүлсэн хэрэг юм.

Санал асуулгад оролцсон иргэд улс орны хэмжээнд хамгийн тулгамдсан асуудлаар эдийн засаг, түүний дараа ардчиллын өнөөгийн төлөв байдлыг нэрлэжээ. Түүнчлэн сонгогчдоос "Дональд Трампын хэрэгжүүлсэн бодлого эдийн засагт хэрхэн нөлөөлсөн бэ?" гэж асуухад нийт иргэдийн гуравны хоёроос илүү хувь нь "нөхцөл байдлыг улам дордуулсан" гэж хариулсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08