Цаг үеийн мэдээ

         Хятадын эрдэмтэд амьтны булчингийн эсийг лабораторийн аргаар ургуулж, таван грамм мах гаргаж авсан тухай Жяньсу мужийн нэгэн их сургуулиас мэдээллээ.

      Эрдэмтэн Жоу Гуанхунаар ахлуулсан баг гахайн шилбэний булчингийн эсээс дээж авч, 20 хоногийн турш тариалсны эцэст анхны “ургац”-аа амжилттай хураан авлаа гэж өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн байна. Энэ нь Хятад улсад гахайн булчингийн эсийг лабораторийн аргаар ургуулж, мах гаргасан анхны тохиолдол гэж онцолж байна.  

                

 Одоогийн байдлаар хиймэл аргаар мах боловсруулахад ургамлын гаралтай бүтээгдэхүүн ашиглаж байгаа бөгөөд энэ төрлийн махыг голдуу шар буурцаг, вандуй, улаан буудай болон бусад хүнсний ногоо, үр тарианаас гаргаж авч байна. Эдгээр нь хэдий ургамлын гаралтай ч гэлээ махны эслэгтэй ижил төстэй амттай байдаг.

       Харин эрдэмтэн Жоу болон түүний багийн туршилт амьтны эсээс өвдөлтгүйгээр дээж авч, булчингийн эд эсийг лабораторид тэжээх замаар мах гаргаж авснаараа онцлог юм. Тэдний боловсруулсан мах өнгө, бүтцийн хувьд ердийн гахайн махтай ижил төстэй боловч цаашид хүнсний зориулалтаар зах зээлд гаргаж болох эсэхийг ахин судалж үзэх шаардлагатай ажээ. Мөн аюулгүй байдлын үнэлгээ хийж, зах зээлд нэвтрүүлэх боломжтой тохиолдолд үйлдвэрлэлийн технологийг хэрхэн шийдэх талаар томоохон хэмжээний судалгаа хийх хэрэгтэй гэж тэд мөн тэмдэглэлээ. Цаашид амьтны амь таслахгүйгээр мах үйлдвэрлэж, хүнсний хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангах ирээдүй тун ойрхон байгаа гэдэгт эрдэмтэд найдаж байна.

 

Таны сурталчилгаа