Цаг үеийн мэдээ

Монополын эсрэг газраас “Худалдаа, хөгжлийн банкны лавлах 1900-1977 тусгай дугаарт залгахад мэдээллийн ажилтантай холбогдоогүй, хэрэглэгч хүссэн үйлчилгээгээ аваагүй боловч харилцагчийн дугаараас төлбөр тооцож байгаа нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж байна.” гэх иргэний гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтаар “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам” болон "Мэдээлэл лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага" MNS 6366:2013 стандартыг тус тус мөрдөж ажиллаагүйн улмаас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд Зөрчлийн тухай хуульд зааснаар холбогдогч “Худалдаа, хөгжлийн банк” ХК-д 9.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 1900-1977 тусгай дугаарын үйлчилгээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх буюу зөрчлийн үр дагавар арилгуулах улсын байцаагчийн даалгавар хүргүүлж, биелэлтийг хангуулж ажиллалаа.

Иргэд, хэрэглэгч автомат хариулагчаас мэдээлэл авах болон нэмүү өртөгт 1900.... тусгай дугаарт дуудлага хийхэд “мэдээллийн ажилтантай холбогдох хүртэлх хугацаа”-д төлбөр тооцогдохгүй бөгөөд хэрэглэгчийн ашиглаж буй  тухайн үүрэн холбооны үндсэн тарифаар тооцохоор дээрх журам, стандартаар зохицуулагдсан байдаг.  

Таны сурталчилгаа