Төрийн бүтээмжийн үндэсний хорооны хуралдаан өнөөдөр (2024.11.22) төрийн ордонд боллоо. Хурлаар төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр баримталж буй зарчим, хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг гишүүдэд танилцуулж, санал солилцлоо.
ЗГХЭГ-ын дарга, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны дарга Н.Учрал: Төрийн албаны бүтэц зохион байгуулалтыг эргэн харж, зарим үйл ажиллагааг бусдад шилжүүлж, цахимжуулна. Төрийн байгууллагуудын бүтээмжийг үнэлж, гүйцэтгэлийн үзүүлэлтээр тогтмол мониторинг хийж, хараат бус хөндлөнгийн үнэлгээ хийж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах тогтолцоог нэвтрүүлнэ. Түүнчлэн төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, Төрийн бүтээмжийн хуультай болох ёстой. Ингэснээр төрийн байгууллагуудын гүйцэтгэлийг сайжруулах, бодлогын шийдвэр гаргалтыг илүү үр дүнтэй болгоход томоохон түлхэц үзүүлнэ.
Эдгээр зарчмыг хангах үүднээс Шинэ сэргэлтийн бодлогод үндэслэн, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх талаар үндсэн 6 чиглэлийг тодорхойлж, асуудлуудыг шийдвэрлэнэ.
Үүнд:
1. Төр хувийн хэвшлийг дэмжиж, өрсөлдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ
2. Төрийн хяналт, шалгалтыг нэгдсэн хуваарьт оруулж, цахим хэлбэрээр хялбар, шуурхай зохион байгуулах.
3. Төрийн албаны реформыг хэрэгжүүлнэ.
4. Төрийн өмчийн компаниудыг цэгцлэх.
5. Цахим шилжилтийг бүрэн нэвтрүүлж, цаасгүй засаг концепц хэрэгжүүлнэ.
6. Төрийн хэмнэлтээс бүтээмж рүү шилжинэ.
Төрийн бүтээмж гэдэг нь 100 тэрбум төгрөг зарцуулаад 100 сая төгрөгөөр хэмжигдэх үр дүнтэй ажил хийгээд байгаа байдлыг өөрчилж 100 сая төгрөг зарцуулаад 100 тэрбумаар үнэлэгдэх үр дүнг бий болгох тухай л ойлголт юм. Том зургаараа хэмнэлтээс бүтээмжрүү чиглэсэн бодлогыг баримтална гэв.
Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ГХЯ, ХЗДХЯ, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Төрийн бүтээмжийн үндэсний хороо, Хяналт хэрэгжүүлэх газар, МҮХХҮТ, Удирдлагын академи, ШУТИС, Монголын бүтээмжийн төв, мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцлоо.