Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Цэнгэл, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерөн-Өлзий нар өвлийн оргил ачаалал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний шугам тоноглолд хийгдсэн засварын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах засварын батлагдсан хуваарийн дагуу 15 магистраль болон салбар шугам, тоноглолыг горим ажиллагаанаас хамааруулан 8 хэсэгт хуваан зогсоож, засварын ажлыг гүйцэтгэн өвлийн бэлтгэл ажлыг ханган ажилласан.
Өвөлжилтийн бэлтгэл хангах их засварын ажлын хүрээнд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилттэй төслөөр 3, Дэлхийн банкны санхүүжилттэй төслөөр 3, Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2, компанийн өөрийн хөрөнгөөр 4 шугамын ажил, компанийн хэмжээнд нийт 12 нэр төрлийн дулааны шугам, тоноглолын ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Төв магистраль шугамын их, урсгал засварын ажил 100%, насос станц болон цахилгаан тоноглолын их, урсгал засварын ажил 99%, Баруун, Зүүн түгээх төвүүдийн хариуцсан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Хувийн орон сууцны контор, Аж ахуйн нэгж, Төсвийн байгууллагуудын хэрэглэгчдийн шугам тоноглолд хийгдсэн засварын ажил 86%, нийт дүнгээрээ засварын ажил 95% хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус компани нь 2024-2025 оны халаалтын улиралд эх үүсвэрүүдэд боловсруулсан дулааны эрчим хүчийг 370 км урттай Ш150-Ш1200мм голчтой 15 магистраль дулааны төв шугам болон даралт өргөх 10ш даралт өргөх насосны станцаар дамжуулан төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 3558.1 Гкал/ц-ийн дулааны тооцоот ачаалал бүхий 13500 гаруй барилга, байгууламжийн халаалт, хэрэгцээний халуун ус, салхивчийн хэрэглээг тасралтгүй, найдвартай ханган ажиллаж байна.