Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг томилжээ.
Монгол улс 2018 онд 1.5 тэрбум долларын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр бүтээж байгаа. Мөн нэг тэрбум юанийн буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгосон юм. Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэж Монголчууд бид хэлцдэг. Өнгөрсөн сарын 7-ны өдрөөс хойш БНХАУ "ковид -19" вирустай тэмцсээр байгаа ч тархалтын тоо өдөр бүр нэмэгдсээр байна. Тиймээс монголчууд нэгдэж урд хөршдөө туслах аяны шийдвэрийг засгийн газраас гаргалаа.
БНХАУ-д туслах нэгдсэн хүмүүнлэгийн аяныг зохион байгуулахаас өмнө Засгийн газар, Ардчилсан нам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, БНХАУ-д сургууль төгсөгчдийн холбоо зэрэг байгууллагуудаас тодорхой хэмжээний хандивыг өгсөн. Тиймээс цаашид хандивын аяныг нэгдсэн журамд оруулахаар ийнхүү шийдвэрлэжээ.
Дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэд Төрийн банкны 341 303 432 597 дансанд хандив өргөх боломжтой. Цугларч байгаа хандивын мэдээллийг долоо хоног бүр БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгөх юм байна.