Шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамгаалах зорилгоор иргэдийг олны хөлийн газар явах үедээ амны хаалт зүүхийг шаардаж байгаа.
Харин иргэдийн хувьд амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх талаар олон асуултуудыг мэргэжлийн хүмүүс рүү илгээх болжээ. Харин энэ талаар Хятадын эрүүл мэндийг дэмжих төвийн мэргэжилтнүүд асуултуудад хариулж байна.
Асуулт 1: Ямар үед амны хаалт зүүх шаардлагатай вэ?
Хариулт: Амны хаалтыг нийтийн тээвэр, цахилгаан шат, албан байгууллага, олон нийтийн газар, эмнэлэг зэрэг хөл ихтэй газруудад заавал зүүх шаардлагатай.
Асуулт 2: Ямар үед амны хаалт зүүх шаардлагагүй вэ?
Хариулт: Гэртээ ганцаараа буюу гэрийнхнээс хэн нэг нь гадагш гараагүй бол гэртээ амны хаалт зүүх шаардлагагүй. Гадаа ганцаараа яваа үед, мөн хүн цөөнтэй цэцэрлэг талбайд зүүхгүй байж болно. Машиндаа ганцаараа явахдаа амны хаалт зүүхгүй байж болно.
Асуулт 3: Ямар амны хаалт зүүх вэ?
Хариулт: Хүн хөл ихтэй олон нийтийн газар очихгүй тохиолдолд энгийн, нэг удаагийн амны хаалт хангалттай. Харин хөл ихтэй олон нийтийн газар KN95, N95 ба түүнээс нягт шүүлтүүртэй амны хаалтыг заавал зүүхийг зөвлөе. Мөн өвчний шинж тэмдэг илэрсэн ч онош нь тогтоогдоогүй хүмүүс, тусгаарласан бүсэд ажиллаж буй эмч сувилагч, холбогдох ажилтнууд эмчилгээний зориулалттай хамгаалалтын маскийг заавал зүүх хэрэгтэй гэжээ.
Асуулт 4: Амны хаалтыг дахин ашиглаж болох уу?
Хариулт: Эрсдэл багатай газар хэрэглэсэн нэг удаагийн амны хаалт хэрвээ цэвэр, урагдаж цоороогүй, дотор тал нь бохирдоогүй бол дахин ашиглаж болно. Гэхдээ зүүхгүй үедээ цэвэрхэн, хуурай, агааржуулалттай газар тавих хэрэгтэй. Нийтийн тээвэр, олон нийтийн газар, дэлгүүр хоршоо, цахилгаан шат, хурлын заал, эмнэлэгт очихдоо эмчилгээний зориулалттай нэг удаагийн амны хаалт зүүсэн бол гэртээ харьсны дараа хуурай, цэвэр, агааржуулалттай газарт тавьж, дахин ашиглаж болно. Харин олон нийтийн газар ажиллаж буй, мөн халдвараас сэргийлэх ажил хийж буй хүмүүс, цагдаа, хаалгач, шууданчид эмчилгээний зориулалттай мэс заслын амны хаалт зүүхийг зөвлөе. Ийм төрийн амны хаалтыг удаан хугацаагаар зүүж болно. Заавал дөрвөн цаг тутамд солих шаардлагагүй ч бохирдсон, урагдаж цоорсон, гажсан, эвгүй үнэртэй болсон бол даруйхан солих хэрэгтэй.
Асуулт 5: Амны хаалтыг спирт, бичил долгионы зуухаар ариутгаж болох уу?
Хариулт: Спиртийн төрлөөр амны хаалтыг ариутгах нь амны хаалтын хамгаалах чадварыг бууруулна. Бичил долгионы зуухаар ариутгах нь тийм ч зөв сонголт биш. Энгийн амны хаалтыг цэвэрхэн, хуурай, агаар сайтай орчинд тавьж хадгалах нь хамгийн зөв зүйтэй арга юм.
Асуулт 6: Амны хаалтыг давхарлаж зүүх шаардлагатай юу?
Хариулт: Энгийн үед давхарлах шаардлагагүй, харин хүн ихтэй газар очих шаардлагатай үед эмчилгээний зориулалттай амны хаалт олдохгүй нөхцөлд утаа, тоосонцроос хамгаалах зориулалттай амны хаалтыг энгийн мэс заслын амны хаалттай давхарлаж болох ч хэдэн цаг болоод солих хэрэгтэй.