Цаг үеийн мэдээ

Дэлхийн хэмжээнд коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 2120 давж, халдварын баталгаажсан тохиолдол 76,000-д хүрлээ. Вирусийн тохиолдол бүртгэгдсэн улс орнуудын тоо 27 болсон бөгөөд эх газрын Хятадаас өөр нутаг дэвсгэрт 8 хүн нас баржээ. Тухайлбал Иран улсад 2 хүн, Хонконгт 2 хүн, Тайвань болон Япон, Филиппинь, Франц зэрэг улсуудад тус бүр 1 хүн нас бараад байна. Хятадын халдвар өвчин судлал, урьдчилан сэргийлэх төвийн тооцоолсноор коронавирусийн үхэлд хүргэх пропорц/хурд нь 2.3 хувь байгаа ажээ. Нийт халдвар авсан тохиолдлын 2.3 хувь нь амь насаа алдаж байна гэсэн үг.

Иран улсад орон нутгийн цагаар лхагва гарагт анхны тохиолдлууд бүртгэгдэж, төв нутгийн Куом мужид 2 хүн нас баржээ. Өмнөд Солонгос улсад нэг өдрийн дотор 20 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 31-ээс 51 болон нэмэгдсэн байна. Япон улсын албаны хүмүүсийг олон улсын зүгээс шүүмжлэх явдал ажиглагдаж эхэллээ. Вирусийн халдварт өртөөд буй Diamond Princess усан онгоцноос хүмүүсийг шилжүүлэхтэй зэрэгцээд, тус улсын засгийн газрыг олон нийтийн хандлагад хэтэрхий ач холбогдол өгөөд, вирусийн тархалтын тал дээр дутуу дулимаг ажиллаж байна гэх шүүмжлэл гарчээ. Зуны олимп эхлэхэд хэдхэн сар үлдээд буй энэ үед засгийн газрын мэдээлж байгаагаас бодит халдварын тоо хэмжээ их байгаа хэмээн Фукушимагийн анагаахын их сургуулийн профессор Шиничи Нива мэдэгджээ.

Аюултай коронавирус дэгдсэнтэй холбогдуулан гарч буй эдийн засгийн хор хохирлыг тооцоолох боломжгүй юм. Хятад улсад үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагууд, олон улсын компаниуд ихээхэн хохиролтой байгаа тухай мэдээлж байна. Германы спорт хувцас үйлдвэрлэгч Adidas л гэхэд Хятад дахь бизнесийн үйл ажиллагаа нь 85 хувиар буурч, хумигдсан гэжээ. Элон Маскийн тэргүүлдэг Tesla-гийн шинэ үйлдвэрүүдийн ажил ч эх газрын Хятадад саатаад байна. Мөн Хятадын жуулчид хамгийн ихээр орлого оруулдаг Азийн аялал жуулчлал хөгжсөн орнууд ихээхэн хэмжээний алдагдал хүлээж байна.

Д.Жаргалсайхан

Таны сурталчилгаа