Япон улсад шинэ коронавирусийн халдвар буюу “covid-19” өвчнөөр 100 гаруй хүн өвчилснөөс гадна Ёкохама боомтод тусгаарлагдсан хөлөг дээр 634 тохиолдол бүртгэгдсэн. Японд Бямба гаригт /2020.02.22/ халдвар авсан хүний тоо 25-аар нэмэгджээ. Эдгээр нь Хоккайдо мужид ес, Канагавад болон Айчид тус бүр дөрөв, Чиба мужид гурав, Кумамотод хоёр, Токио, Вакаяма болон Точиги мужуудад тус бүр нэг бүртгэгджээ. Чиба мужид илэрсэн гурван хүний нэг болох дунд сургуулийн багш эмэгтэй сурагчид болон хамтран ажиллагсдадаа халдвар тараасан байх магадлалтай байна. 60 настай багш эмэгтэй халдварын шинж тэмдэг илэрсэн ч ажлаа хийж байсан аж. Түүнд халдварын эхний шинж тэмдэг хоёрдугаар сарын 12-нд илэрч, долоо хоногийн дараа эмнэлэгт хэвтсэн байна. Чиба мужийн захиргаанаас тус багшийн ажиллаж байсан сургуулийг хоёрдугаар сарын 25-ныг хүртэл хаах шийдвэр гаргажээ.
Үүнээс гадна 3700 зорчигчтой “Diamond Princess” хөлөг дээр хоёр хүн коронавирусийн халдвараар нас барснаар Японы засгийн газар халдвар тархалтыг зогсооход муу ажилласан гэж олон улс шүүмжилсэн. Улмаар АНУ, Өмнөд Солонгос, ОХУ зэрэг олон улс өөрийн орны иргэдийг хөлгөөс нүүлгэн шилжүүлж эхэлсэн юм. Тэгвэл сүүлд Лхагва, Пүрэв, Баасан гаригт коронавирусийн халдваргүй гэж хөлгөөс буулгасан 969 зорчигчийн дунд 23 хүнд давтан шинжилгээ хийгээгүй байжээ. Тэдний 19 нь Японы иргэн бөгөөд нийтийн тээврээр гэртээ харьцгаажээ. Японы Эрүүл мэндийн сайдын хүлээн зөвшөөрснөөр тэдгээр 23 хүнд хамгийн сүүлд хоёрдугаар сарын 5-нд шинжилгээ авсан боловч хөлгөөс буухын өмнө давтан шинжлээгүй аж.
Японы Эрүүл мэндийн сайд Кацунобу Като өчигдөр хийсэн алдаандаа ард түмнээс уучлал гуйжээ. Түүний мэдээлснээр сэжигтэй 23 хүнээс гурвыг нь дахин шинжилгээнд оруулж, 17-г нь шинжилгээний өдөр товлож, үлдсэн гуравтай холбогдохыг хичээж байна гэжээ.