Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт “Disney” компанийн Хятад улс дахь сэдэвчилсэн паркуудын бизнесийн үйл ажиллагаанд хэдийн нөлөөлж эхэлсэн бол цаашид киноны бизнест ч нөлөөлж болзошгүй байна.
“Disney” компани 1998 онд бүтээсэн “Mulan” хүүхэлдэйн киноныхоо уран сайхны хувилбарыг ирэх гуравдугаар сарын 27-ноос Хойд Америкийн кинотеатруудын дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байгаа юм.
200 сая ам.долларын өртгөөр бүтсэн уг бүтээл кино урлаг сонирхогчдынхоо зах зээлээр АНУ-ын араас хоёрдугаарт жагсдаг Хятад улсад өндөр амжилт гаргана хэмээн тооцоолж байсан боловч шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас уг хүлээлт талаар болж магадгүй байна.
Учир нь Хятад улс вирусний тархалтын улмаас кинотеатр тэргүүтэй олон үйлчилгээний газар үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоосон байна. Мөн “Disney”-ийн Шанхай, Хонконг дахь паркууд хаалгаа барьжээ.
“Mulan” кино Хятадад хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байгаа бөгөөд тус улсад киноны нээлтийн хугацааг компаниуд бус Засгийн газраас товлодог юм.
Хэдийгээр Хятадад киногоо нээхээр төлөвлөж буй бүх студийн хувьд вирусний тархалт таатай мэдээ биш боловч “Disney” компанийн хувьд энэ нь илүү том асуудал болжээ. “Mulan” кинонд өндөр настай аавынхаа нэр төрийг хамгаалахаар цэрэгт явж, эх орноо хамгаалж буй эмэгтэйн тухай өгүүлдэг. “Boxoffice” цахим хуудасны шинжээч Шон Роббинс “CNN Business” сувагт өгсөн ярилцлагадаа, энэхүү кинонд Хятадын соёл уламжлалын талаар голчлон өгүүлдэг тул Хятадын иргэдийн сонирхлыг ихээхэн татах байсан бөгөөд нөхцөл байдал хэвийн байсан бол “Mulan” киноны хамгийн том зах зээл Хятад болох нь гарцаагүй юм гэжээ.
“Mulan” кинонд Ифэй Лю тэргүүтэй олон улсын жүжигчид тоглосон бөгөөд хүүхэлдэйн киноны хувилбараас ч илүү баатарлаг үйл явдлууд гарах ажээ.