БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин өнөөдөр буюу 02-р сарын 27-ны өдөр Ардын Их Хурлын ордонд МУ-ын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээр хийсэн байна.
Энэ үеэр БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин :
- Өдгөө Хятад улсын Засгийн газар, ард түмэн "COVID-19"-ийн халдварт өвчний эсрэг хатуу тэмцэж байгаа үед МУ-ын Засгийн газар, ард түмэн бидэнд нандин туслалцаа дэмжлэг үзүүлсээр байна. Эрхэм ерөнхийлөгч та бол энэ халдварт өвчин үүссэний дараа манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн. Хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын ард түмнийг чин сэтгэлээсээ дэмжиж буйг энэ айлчлал гүйцэд харуулж байна. Түүнчлэн Хятад, Монгол хоёр орон бол харилцан туслалцсан, жаргал зовлонгоо хамтатгасан найрсаг хөрш гэдгийг дахин гэрчилж байна гэж хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэ хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна" гэлээ. Мөн цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой бог хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжих юм гээд БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүслээ.
Хятад улс тахал өвчинтэй тэмцэж байгаа хэцүү цаг үед Монголын улс төрийн намууд, цэрэг арми, оюуны сан, иргэний нийгмийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, Хятадад сурч байгаа оюутнууд, жирийн иргэд тусламжийн гараа сунгаж, хандив өргөн Хятад улсыг дэмжиж, Үхань хотод тусласаар байгааг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон бичиж байна. Мөн “Улаанбаатарт амьдардаг 71 настай эмээ малгайлан орж байгаа цасны дундуур БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яаманд хүрч 3 сая төгрөг (7600 юань) хандивлаад буцсан. Хүйтэн цаг агаартай монголын өндөрлөгт хүмүүсийн зүрх сэтгэл дулаахан байна. COVID-19”-ийн эсрэг тэмцлийн үеэр Монголын олон хүүхэд бидэнд хязгааргүй урин дулааныг мэдрүүлсэн. Өдөр бүр олон хүүхдүүд Элчин сайдын яам руу залгаж, захидал илгээдэг. Багш, эцэг эхийн хамтаар олон хүүхдүүд халаасны мөнгөө ЭСЯ-нд хандивлаж байлаа. Зургаан настай Мандарваа Хятадад тархаж буй тахлыг телевизээр үзсэний дараа, халаасныхаа мөнгөөр 11 маск худалдаж аваад, аваараа элчин сайдын яаманд хүлээлгэж өгөөд Хятад улсын хүүхдүүдэд өгөөрэй гэж хэлжээ” хэмээх Монголын ард түмний тухай мэдээллүүдийг урд хөршийн хэвлэл мэдээллүүд бичицгээж байна .